“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2017 оны шалгаруулалтыг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-22 13:23:37

Төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналын 2017 оны шалгаруулалт зарлалаа.

УИХ-аас уг арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү шагналыг судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл байх, дотоод, эсвэл гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл, сэтгүүлд нийтлэгдсэн, эсвэл бие даасан ном, бүтээл болон хэвлэгдсэн байх, үр дүн, дэвшүүлсэн санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх гэсэн шалгуурыг хангасан бүтээл туурвисан нэг хүн, эсвэл нэг судлаачдын багт жил бүр олгодог.

2017 оны шалгаруулалтад эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагаас оролцох эрхтэй бөгөөд эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажсан хүсэлт, протокол, тодорхойлолт, холбогдох бусад баримт бичиг зэрэг материал бүрдүүлэн өгөх юм.

Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаархи материалыг 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор УИХ-ын Тамгын газар хүлээн авна.

“Б.Чимидийн нэрэмжит шагнал” нь УИХ-ын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, 5 сая төгрөгийн мөнгөн урамшлууллаас бүрдэх бөгөөд шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Төрийн ордонд гардуулах юм.

Н.Туяа

           

相关新闻