Монголын Үндэсний номын санг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Үндэсний төв номын сангийн 95 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй гардуулж үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ, "Үндэсний номын сан агуу их Онходын Жамъян гүн, эрдэмтэн Жамсраны Цэвээн, Чулууны Бат-Очир, Гүн Дашням нарын бичгийн мэргэдийн өргөсөн номоос эх авч, Өндөр гэгээн Занабазараас уламжилсан VIII Богд Жавзандамба хутагтын номын сан, бусад сүм хийд, хувь хүмүүсийн сэтгэлийн бэлгээр баяжиж үндэс сууриа бэхжүүлсэн. Тэрхүү эрдэмт хүмүүс, тэдний үр хойчид гүн талархлаа илэрхийлье. Сайн хүн өнгөрдөг ч сайхан үйлс нь мөнхөрдгийн учир нь энэ билээ.
Монгол эрдэмтэн мэргэд, гүүш нарын гар бичмэл, барын судар, түүхийн бичиг баримт, Монголын хуучин аймгуудын газар нутгийн зураг, гадаадын эрдэмтэн жуулчдын замын тэмдэглэл, хаадын угийн бичиг зэрэг 50 гаруй мянган ном, хэрэглэгдэхүүнтэй монгол судлал, гар бичмэл номын сан хөмрөг хийгээд дэлхийн олон хэлээр гаргасан мянга мянган ном, баримт бичиг Монголын Үндэсний номын санд хадгалагдаж байна. Олон зуун хүний хэдэн арван жилийн нөр их хичээл зүтгэл, авьяас билиг, итгэл сэтгэлээр энэ бүхэн бүтэж, Монголын ард түмнийг соён гэгээрүүлж байгаа билээ. Тиймээс Монголын Үндэсний номын сангийн баярыг Монголын ард түмний соён гэгээрлийн баярын өдөр гэж хэлж болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Үндэсний номын санд нэрэмжит танхимаа байгуулж, ховор ном судрыг цахим хэлбэр унших боломжийг бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ном судрыг хувилах, сэргээн засварлах, цахим орчинд оруулах зорилгоор номын сангийн иж бүрэн шинэ техник, тоног төхөөрөмжийг хэдхэн жилийн өмнө нийлүүлсэн. Энэхүү эхлүүлж өрнүүлсэн ажлыг Та бүхэн улам төгөлдөржүүлж, бүрэн ашиглаж, өргөн олон уншигчдад үйлчилнэ гэдэгт итгэж байна. Номын гэгээн үйлс ашид дэлгэрэх болтугай" гэв.
Ж.Болор