Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-21 15:25:53

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн шинэ дугаарт Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоол, Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.

Түүнчлэн Хэлэлцээр батлах тухай, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод 2016 оны 9 дүгээр 8-ны өдөр гарын үсэг зурсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-ийг баталжээ.

Мөн өнөөдрийн дугаарт Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын нэрийг Үндэсний урлагийн их театр гэж өөрчилсөн Нэр өөрчлөх тухай Засгийн газрын тогтоолыг мөн нийтэлжээ. 

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлд хууль, УИХ-ын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуулийн талаархи Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбар, яам, агентлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг бүрэн эхээр нь албан ёсоор нийтэлдэг. Эмхэтгэлд нийтлэгдээгүй хууль, тогтоолыг шүүх байгууллага хэрэглэхийг хориглоно.

Хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хууль, тогтоол хүчин төгөлдөр болно. Мөн хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үздэг.

Н.Туяа

 

 

相关新闻