Цасанд боогдсон нинжа нарт зам гаргаж тусаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-21 11:40:09

Ховд аймгийн Алтай сумаас Мөст сумын нутаг хүртэлх Бага улаан даваанаас цааш Алтайн нурууны Даянпангийн даваанд их хэмжээний цас орж зам даваа хаагдаж 12 машин, 60-70  хүн цасанд гурван хоног  боогдсон байна.

Алтай, Мөст, Цэцэг сумд болон аймгийн төвөөс Цагаан эрэгт  очиж чулуу олборлож байсан дээрх нинжа нар  үргэлжлэн орсон цасны улмаас зам даваа хаагдаж, ар гэр лүүгээ буцах боломжгүй болжээ.

Нинжа нар үнэт чулуу олборлож байсан газрын гэр, майхан, паанагаа нийлүүлэн нэг дор цугларч, үргэлжлэн орсон цас 60 м зузаан хүрч  цасан шуургатай тэмцэж, зам харгуй гаргах, утсаар холбоо барьж, хар цай ууж өл залгажээ.

Мөн Цагаан эрэгийн олборлолтын газар 30 гаруй хүн мөн цасанд боогдсон байдалтай байгаа аж. Тэдгээр хүмүүст туслахаар  Цэцэг, Мөст сумаас  машин гарч зам гаргахаар очсон боловч нэг өдөр 2 км явж, их цасан дунд Богосын даваа хүрч чадалгүй буцсан байна.

Ингээд Ховд аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүхтэй нинжа нарын ар гэрийнхэн холбогдож, аймгийн Онцгой байдал, МонЭнко компани, Мөст сумаас 3 машин, Цэцэг сумаас 3 машин гаргаж тэдэнд хоол хүнс хүргэж, Богосын даваанаас Цагаан эрэг хүртэл зам гаргаж, амь нас аюулгүй байдлыг хангаж нийт 30 гаруй хүн ажиллажээ. 

А.Бямбасүрэн

相关新闻