Долоон хүүхэдтэй өрх толгойлсон бүсгүйд тусаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-18 08:23:18

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р багт 0-18 насны 7 хүүхэдтэйгээ таван ханатай гэрт амьдардаг Цэсэнгийн Ганчимэг бүсгүйд тусалж, байшинг нь барьж дуусгах сайн үйлсийн ажил амжилттай хэрэгжиж дууслаа.

Энэ оны хавар өрх толгойлсон бүсгүй Ц.Ганчимэгийг Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас хэрэгжүүлдэг “Шинэ байшин” төсөлд хамруулсан боловч хүн хүч муутайн улмаас байшингаа битүүлж чадалгүй өвөлтэй золгож, төслийн хугацаа ч дууссан байна. Иймээс төслийн хамт олон бүсгүйд тусалж, хэрхэн байшинг нь барьж дуусгах арга хайн “Хэнтийн мэдээ” сонины редакцид анх хандсан аж. Ингээд тус сонины сэтгүүлч өрх толгойлсон бүсгүйн тухай сурвалжлага бэлтгэн сонины дугаар, цахим хуудсандаа нийтэлснээр сайхан сэтгэлт хүмүүсийн хандив цугларч эхэлжээ.

Тус хандивын дансанд: Г.Чинбаяр захиралтай Хэнтий аймгийн Барилгын “СИ ЭЙЧ БИ ЖИ КОНСТРАКШН” ХХК-200 мянган төгрөг, Д.Одонтунгалаг эрхлэгчтэй “Хэнтийн мэдээ” сонины редакц-100 мянган төгрөг, Э.Хишигтогтохын гэр бүл-50.000 төгрөг, Б.Даваажавын гэр бүл-50 мянган төгрөг, Т.Наранбаатарын гэр бүл-40.000 төгрөг, н.Ариунжаргал 20.000 төгрөг гэх зэргээр бэлэн 500-аад мянган төгрөг, мөн С.Эрдэнэжаргал даргатай Хэнтий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар 1 сая 200 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг тус тус үзүүлсэнээр ийнхүү сайн үйлсийн ажил амжилттай хэрэгжжээ.

5х8 хэмжээтэй уг байшинг битүүлэх, пийшин барих, дотор засал хийх зэрэг ажлуудыг Ц.Ганчимэгийн том 2 хүүтэй нь хамтран н.Батсүх хэмээх залуу хөнгөлөлттэй үнээр хийж гүйцэтгэсэн бол хашаа барих ажилд Б.Болд-Эрдэнэ багштай Хэнтий аймгийн МСҮТ-ийн сурагчид сайн дураараа оролцсон байна. Түүнчлэн Ш.Ариунтуяа шилэн хөвөн, Д.Эрдэнэбаатар нэмэх гэрэл, Г.Анирмаа 2 кг хадаас зэрэг барилгын материалуудыг өгч дэмжсэн залуус ч байв. Мөн үсчин н.Золзаяа бүтэн жилийн турш үнэгүй үйлчлүүлэх эрхийг Ц.Ганчимэгийн гэр бүлийнхэнд бэлэглэсэн аж.

Дүн өвлийн хүйтэнд 7 хүүхэдтэйгээ ая тухтай өвөлжих, аж төрөх боломжийг бүрдүүлэхийн төлөө байшинг нь барьж дуусгах сайн санааны ажлыг санаачлан хэрэгжүүлсэн хүмүүсийн төлөөлөл Ц.Ганчимэг бүсгүйнд очиж, шинэ байшиндаа орж байгаад нь баяр хүргэлээ. Одоогоор байшингийн дотор заслын ажлыг хийж дуусгасан бөгөөд гадна талын засвараа урин дулаан цагт өөрөө хийж дуусгана хэмээн бүсгүй ярьж байлаа. 

Д.Одонтунгалаг

相关新闻