Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголд ес дэх удаагаа номын айлчлал хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-17 16:53:59

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүм хийдүүд, сүсэгтэн олны урилгаар Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам энэ сарын 18-23-нд Монгол Улсад ес дэх удаагаа номын айлчлал хийнэ.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам 2011 онд Монголд 8 дахь удаагаа ирэхдээ “Миний аялал улс төрөөс ангид, цэвэр номын мөн чанартай” хэмээн хэлж байсан. Энэ удаа ч улс төрөөс ангид  хэмээн Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын мэргэжилтэн С.Даваапүрэв онцлов.

Тэрбээр, “Далай багш Япон Улсад хийж буй айлчлалаа дуусгаад маргааш буюу энэ сарын 18-нд Монгол Улсад ирнэ.  Бямба гаригийн 13.05-13.15 цагт Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнө сүсэгтэн олонд хандаж, мэндчилгээ дэвшүүлнэ. Мөн сүсэгтнүүдэд зориулсан номын айлдвараа Ням гаригт 9.30-11.30 цагт Улаанбаатар паласт айлдана. Далай багш энэ удаад сүсэгтнүүдэд хандан Богд ламын Жанлав, Шар Жигжид бурханы насны авшиг айлдах бол даваа гарагт 09.00-15.00 цаг хүртэл Соёлын төв өргөөнд "Шинжлэх ухаан ба бурханы сургаал” олон улсын хэлэлцүүлэгт оролцох юм. Харин Мягмар гарагт Далай багшид ХААИС-ийн хүндэт докторын  цол хэргэм хүртээнэ. Дээрхийн гэгээнтний нас өндөр тул түүний биеийн байдлыг харгалзан үзэж хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай” хэмээв.

Өнөөдөр өглөө Монголын Бурханы шашинтны шинэ төвөөс Далай лам Монголын улс төр, шашин соёлын дотоод асуудалд оролцож, 10 дугаар Богдыг тодруулах гэж байна гэсэн мэдээлэл хийсэн. Далай лам 10 дугаар Богдыг тодруулахгүй тул дээрх байгууллагын мэдээлэлд ач холбогдол өгөх шаардлагагүй гэсэн тайлбарыг Гандэнтэгчинлэн хийдээс өглөө.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻