Сирийн түр Ерөнхийлөгч албан ёсны айлчлал хийхээр АНУ-д хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-09 11:04:30

ДАМАСК, 2025 оны арваннэгдүгээр сарын 9 /DW/. Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа албан ёсны айлчлал хийхээр Вашингтон хотод анх удаа хүрэлцэн ирсэн тухай тус улсын төрийн мэдээллийн агентлаг бямба гаргийн орой мэдээлжээ. 


Аш-Шараа болон Сирийн Дотоод хэргийн сайд Анас Хасан Хаттабыг террориристуудын жагсаалтаас хассан тухай АНУ-ын Төрийн департамент 11 дүгээр сарын 7-ны орой мэдэгдсэн юм.


Сирийн түр Ерөнхийлөгч Цагаан ордны тэргүүн Дональд Трамптай 11 дүгээр сарын 10-ны даваа гарагт уулзах бөгөөд “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж буй эвсэлд нэгдэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй байна. Уг эвслийг АНУ тэргүүлж байгаа юм. 


Ахмед аш-Шараа, Аннас Хаттаба нарт тавьсан хоригийг  цуцлах тухай АНУ-ын тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 11 дүгээр сарын 6-нд дэмжсэн юм. Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүний 14 нь уг тогтоолыг дэмжиж санал өгсөн бол Хятад улс түдгэлзсэн байна. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 7-нд Их Британийн эрх баригчид мөн тэднийг хоригийн жагсаалтаас хасжээ. Тус улс 2024 оны 12 дугаар сард Сирийн засгийн эрхэнд гарсан “Хайят Тахрир аш-Шам” бүлэглэлийг террорист байгууллагуудын жагсаалтаас 10 дугаар сард хассан байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Европын Холбоо мөн аш-Шараад тавьсан хоригийг цуцлахаар бэлтгэж байгаа аж.


Үүнээс өмнө АНУ-ын эрх баригчид хэдэн сарын турш НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн гишүүдэд хандан Сирид авсан хориг арга хэмжээг сулруулахыг уриалж байв. Тавдугаар сард Д.Трамп Сирийн талаар баримтлах АНУ-ын бодлогыг өөрчилж, дангаар хэрэгжүүлж байсан эдийн засгийн хязгаарлалтыг цуцалж байгаагаа зарласан юм.


2024 оны сүүлчээр Башар аль-Асадыг түлхэн унагасан аш-Шарааг өмнө нь Абу Мохаммед аль-Жулани гэдэг байжээ. Энэ нэрээрээ тэрбээр 2003 онд АНУ тэргүүтэй олон улсын эвсэлтэй тэмцэхээр Ирак дахь "Аль-Каида" бүлэглэлд элссэн байна. 2006 онд АНУ-ын цэргүүдэд баривчлагдаж, Иракийн шоронд таван жил хоригджээ.


2011 онд суллагдсаныхаа дараа аш-Шараа "Аль-Каида"-гийн Сири дэх салбар болох "Жабхат ан-Нусра" бүлэглэлийг байгуулж, удирдсан бөгөөд энэ бүлэглэл нь "Лалын улс"-тай хэсэг хугацаанд хамтран ажиллажээ. "Жабхат ан-Нусра" бүлэглэлийг 2017 онд "Хаят Тахрир аш-Шам" болгон шинэчлэн байгуулсан байна. Шинэ бүлэглэлийн гол зорилго нь Асадыг түлхэн унагаах явдал байв.

相关新闻