Д.Трамп Хорийн бүлгийн уулзалтад оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-06 17:14:23

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /Anadolu/. Энэ сарын 22-23-ны өдрүүдэд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад /ӨАБНУ/ болох “Хорийн бүлэг”-ийн /G-20/ дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 


Тэрбээр Майами хотноо болсон “Америкийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт”-д оролцож үг хэлэхдээ,  Йоханнесбургт зохион байгуулах G-20-ийн уулзалтад оролцох бодолгүй гэдгээ хэлсэн байна. “Өмнөд Африк G-20-ийн гишүүн байх ёсгүй” гэж Америкийн удирдагч хэлжээ. 


Д.Трамп ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафосаг энэ оны тавдугаар сард Цагаан ордонд хүлээн авч уулзсан юм. Зууван танхимд болсон уулзалтын үеэр Цагаан ордны тэргүүн Өмнөд Африкийн эрх баригчдыг цагаан арьст иргэдийн эсрэг хүнд гэмт хэргүүд үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чадваргүй гэж буруутгажээ. 


Ерөнхийлөгч Рамафоса хариуд нь мэдэгдэхдээ, Өмнөд Африкийн засгийн газар гэмт хэргийг хянахын тулд хүчин чармайлт гаргаж байгааг дурдаад, зөвхөн цагаан арьстнууд л гэмт хэргийн хохирогчид болж байдаг гэсэн үг яриаг эрс няцаасан байна. 

相关新闻