Лима хотын худалдааны төвд гал гарч, 5 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-17 11:34:40

ЛИМА. /ВВС/. Перугийн нийслэл Лима хотын хамгийн үнэтэй худалдааны төвүүдийн нэгд гал гарсны улмаас наад зах нь таван хүн амиа алджээ.

Тус худалдааны төвийн шинэхэн засварласан кино театрт гал гарч эхэлсэн байна. Тухайн үед уг кино театрт сэтгүүлчдэд зориулсан кино гарч байжээ.

Галын шалтгааныг тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байна.

Энэ долоо хоногийн сүүлээр Лима хотод олон улсын дээд хэмжээний уулзалт болох бөгөөд энэ үед том хэмжээний гал гарсан нь олны анхаарлыг татаж байна. Энэ уулзалтад АНУ, ОХУ, БНХАУ, Японы төрийн тэргүүн нар оролцох юм.

Перугийн Дотоод хэргийн сайд Карлос Басомбриогийн мэдээлснээр, театрын дуу тусгаарлах хана шатамхай чанартай байсны улмаас гал тархсан байна.

Гал гарах үеэр тэнгэрт маш том хар мөөгөн хэлбэрийн утаа суунаглажээ. Аврах ажиллагааны үеэр нэг гал сөнөөгч бэртэл авч, эмнэлэгт хүргэгджээ.

Д.Нямтулга

相关新闻