Турк Улс тунхагласны 102 жилийн ойг тэмдэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 102 жилийн ойн баярын хүндэтгэлийн хүлээн авалт тус ЭСЯ-ны өргөөнд энэ сарын 29-нд болов.
Хүлээн авалтын эхэнд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганаас Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 102 жилийн ойн баярын мэндчилгээг уншиж танилцуулав.
БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Башак Гэнч Юксэл нээж хэлсэн үгэндээ, “Турк, Монгол хоёр орны ард түмний
харилцаа олон зуун жилийн тэртээгээс улбаатай. Турк Улс нь Монгол Улсын гуравдагч
хөршөөс гадна туркууд монголчуудын хамгийн эртний хөрш төдийгүй дотно анд нөхөр
юм. Энэхүү бат бөх харилцааны суурин дээр манай хоёр улсын хамтын ажиллагаа
сүүлийн жилүүдэд бүхий л салбарт хурдацтай хөгжиж байна. Энэ онд хоёр орны
харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн түүхэн онцгой үйл явдал
тохиосон.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны нэгдүгээр сард Турк Улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд айлчлалын хүрээнд Стратегийн түншлэлийн тунхаглал зэрэг нийт 11 баримт бичигт гарын үсэг зурсан. Бүх түвшний харилцан айлчлалууд улам эрчимжиж, хоёр улсын хамтын ажиллагаа улам бэхжиж байгаад бид баяртай байна. Бид Монгол Улстай эдийн засаг, худалдаа зэрэг бүхий л салбарт харилцаагаа өргөжүүлэхийн төлөө ажиллаж байна. Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн 10 жилд дөрөв дахин өсөж, өнгөрсөн онд 130 сая ам.долларыг давлаа.
Ойрын жилүүдэд энэ тоог хоёр улсын нөөц бололцоонд бүрэн нийцсэн түвшинд хүргэх зорилт тавьсан. Мөн боловсрол, соёл, түүх, археологийн салбарт Монгол Улстай үр өгөөжтэй, нягт хамтран ажиллаж байна. Цаашид энэхүү хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Турк болон Монгол Улсын найрамдал, хамтын ажиллагаа, эв санааны нэгдэл мандан бадрах болтугай” хэмээлээ.
Ulaanbaatar