УВС: Үр тариа боловсруулах үйлдвэр байгуулах санаачилга гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар сарын 29
/МОНЦАМЭ/. Аймгийн Соёл,
урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас “Залуус соёл түгээнэ” хэлэлцүүлгийг
Баруунтуруун суманд энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Энэ үеэр тус сумын залуучуудыг нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд
оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх,
гарц шийдлийг олох, бодлого шийдвэр гаргагчдад санал хүргүүлэх зэрэг асуудлыг ярилцсан
юм.
Тус сум дахь Хилийн цэргийн анги болон Онцгой байдлын байгууллагын албан
хаагчид сумын төвөөс алслагдмал ажиллаж, соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажилд
хамрагдаж чаддаггүй, энэ чиглэлд хүрч ажиллах төвлөрсөн төлөвлөгөө хэрэгтэй байгаа юм. Тэрчлэн Хилийн цэргийн анги болон Онцгой байдлын
албан хаагчид гэр бүлээрээ тушаалаар шилжин ажиллах үед үүсдэг нийгмийн асуудал,
оршин суух байр, сургуулийн хүрэлцээ, сэтгэл зүйн дэмжлэг зэргийг шийдвэрлэх
бодлого хэрэгтэй байна.
“Баруунтурууныхан газар тариалан, мал аж ахуйг хослон эрхэлдэг ихээхэн онцлогтой сум юм. Иймээс тус суман дахь газар тариалан, үр тарианы үйлдвэрлэлийн суурин дээр боловсруулах үйлдвэр байгуулах, ингэснээр ажлын байр нэмэгдүүлж залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөнгөлөлттэй зээл тусламж, дэмжлэгийн хүртээмжийг сайжруулах, залуучуудын хөгжлийн төв байгуулж, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдүүлэх, төрөл бүрийн сургалт явуулах зэрэг шаардлага байна. Энэ бүхнийг “Залуус соёл түгээнэ” хэлэлцүүлгийн үеэр хөндөж ярилцлаа” хэмээн Увс аймгийн СУАЖЗГ-ын хэлтсийн дарга Ч.Баттулга ярилаа.

Ulaanbaatar