АСЕАН-47: Тунхаглалаас тодорхой ажил руу, үйл явцаас үр дүн рүү
ТОЙМ 
                                                                    УЛААНБААТАР, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Малайзын нийслэл Куала-Лумпур
хотод ням гарагт эхэлсэн Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ 47 дахь
удаагийн дээд хэмжээний уулзалт нь тус байгууллагын түүхэнд 1976 оноос хойш болоогүй хамгийн өргөн цар хүрээтэй чуулган байлаа. 
Гурав хоног үргэлжилсэн тус хуралд гишүүн улсуудын төр засгийн тэргүүн нараас гадна АНУ-ын Ерөнхийлөгч
Д.Трамп,  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий
сайд Ли Цян, Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи, Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу
Лула да Силва,  ӨАБНУ-ын Ерөнхийлөгч
Сирил Рамапоса, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, ОХУ-ыг төлөөлж Шадар
сайд Алексей Оверчук нар оролцов. 
Куала-Лумпурын саммитын хүрээнд: 
- Хятад-АСЕАН-ы 28 дахь уулзалт 
- АСЕАН+3 форматын 28 дахь уулзалт (Хятад,
Япон, Өмнөд Солонгос)
- Зүүн Азийн 20 дахь удаагийн дээд
хэмжээний уулзалт (АСЕАН + Орос, Энэтхэг, Хятад, АНУ, Япон, Өмнөд Солонгос,
Австрали, Шинэ Зеланд) 
- Бүс нутгийн эдийн засгийн иж
бүрэн түншлэлийн хэлэлцээрийн 5 дугаар уулзалт  (АСЕАН + Хятад, Япон, Өмнөд Солонгос,
Австрали, Шинэ Зеланд) болжээ. 
Өндөр дээд хэмжээний зочдын аюулгүй байдлыг хангахад нийт 16 мянга гаруй цагдаагийн алба хаагч дайчлагдаж, гол замуудыг хааж, хотын төв үндсэндээ цэрэг цагдаагийн бүслэлтэд байв.
“Оролцоо ба тогтвортой хөгжил” уриан дор болсон энэ удаагийн чуулга уулзалтаар бүс нутгийн интеграц, эдийн засгийн өсөлттэй холбоотой өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцлээ. Мөн Мьянмарт болж буй иргэний дайн, Зүүн Өмнөд Азид тархсан телефон утасны төвүүд хэмээх луйврын сүлжээ гэх мэт тулгамдсан асуудлуудыг хөнджээ. Түүнчлэн Газын зурвас болон Өмнөд Хятадын тэнгист үүссэн нөхцөл байдлыг хэлэлцлээ.

Саммитын үеэр болсон хоёр чухал үйл явдал бол Зүүн Тимор улсыг АСЕАН-ы бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх ёслол, Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нарын зуучилснаар Камбож, Тайландын хооронд энхийн гэрээ байгуулсан явдал юм. Эдгээр үйл явдал нь АСЕАН бол зөвхөн эдийн засгийн хамтын ажиллагааны платформ бус харин хямралыг улс төрийн аргаар зохицуулах талбар байх боломжтой гэдгийг харууллаа.
2002 онд Индонезоос салж, тусгаар
тогтнолоо тунхагласан, 1,4 сая хүн амтай Зүүн Тиморын хувьд энэ бол түүхэн үйл
явдал бөгөөд тус улс 13 жил хүлээсний эцэст АСЕАН-д элссэнээр “АСЕАН-ы
10” гэдэг нэршил түүх болон ард хоцров. Ийнхүү 1967 онд анх сууриа тавьж байсан
засгийн газар хоорондын байгууллага болох АСЕАН (Association of Southeast Asian
Nations) нь өдгөө Филиппин, Индонез, Лаос, Вьетнам, Таиланд, Сингапур,
Бруней, Малайз, Мьянмар, Камбож, Зүүн Тимор гэсэн 11 улсыг эгнээндээ нэгтгэж байна.
Энхийн гэрээний тухайд, энэ бол яах аргагүй Трампын “гавьяа” мөн. Долоодугаар сард талуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн хурцадсан тэр үед Америкийн Ерөнхийлөгч хоёр улсын удирдагчидтай утсаар ярьж, байлдааны ажиллагаагаа зогсоохгүй бол Камбож, Тайланд хоёртой худалдааны гэрээ байгуулахгүй гэж “сүрдүүлсэн” болой. Энэ удаад Малайзад хүрэлцэн ирсэн Д.Трамп Камбожтай худалдааны гэрээ, Тайландтай чухал түүхий эд нийлүүлэх гэрээ байгуулсан бол Малайзын бараанд ногдуулсан 25 хувийн татварыг 19 хувь болгож буурууллаа. Экспортын баримжаатай АСЕАН-ы орнуудын эдийн засаг нь Трампын татварын бодлогын бай болсон бөгөөд тус эвслийн улсуудын ихэнх нь татварыг анх зарласан 40 хувиас 10-20 хувь болгон бууруулж чаджээ.
 
Мөн Куала-Лумпурт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент нар хоёр өдрийн турш хэлэлцээ хийсний дүнд худалдааны маргааныг зохицуулах талаар суурь тохиролцоонд хүрчээ. Хэд хоногийн өмнө Хятадын тал газрын ховор металлын экспортод тавих хяналтаа чангатгахаар шийдвэрлэсний хариуд Д.Трамп Хятадын бараанд ногдуулах татварыг 100 хувьд хүргэж нэмэгдүүлэхээ мэдэгдсэн юм. Харин АСЕАН-ы хурлын үеэр хоёр тал зөвшилцөлд хүрсэн нь дэлхийн худалдаанд чухал дохиог өглөө. Маргааш Өмнөд Солонгост болох Трамп-Ши Жиньпин нарын уулзалтаар нарийн ширийн зүйлүүдийг тохиролцож чадвал АНУ-Хятадын худалдааны дайн нэг хэсэгтээ намжих болов уу.
Энэ удаагийн саммит нь Зүүн Өмнөд
Ази дахь цорын ганц олон талт бүтэц болох АСЕАН-ы хувьд хамгийн хүнд хэцүү хурлуудын нэг
байв. Учир нь, Мьянмарын сунжирсан хямрал, Хятад, Америкийн
өрсөлдөөн ширүүсч буй үед ямар бодлого явуулах вэ, “АСЕАН-ы алсын хараа-2045” үзэл
баримтлалыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэх мэт бүс нутгийн ирээдүйг тодорхойлох олон
тулгамдсан асуудлыг хэлэлцжээ. 
АСЕАН-ы амбиц 
АСЕАН-ыг даргалж буй Малайз улс “АСЕАН-ы хамтын нийгэмлэгийн 2045 он хүртэлх алсын хараа” гэдэг нэртэй, сүүлийн жилүүдэд сонсогдож байгаагүй асар том амбицтай төлөвлөгөөг боловсруулах ажлыг санаачлан удирдаж, тавдугаар сард батлуулсан юм. Улс төрийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм-соёлын хөгжил, хамтын ажиллагаа гэсэн дөрвөн зарчимд тулгуурласан энэхүү үзэл баримтлалд 700 сая орчим хүн амтай Зүүн Өмнөд Азийн бүс нутгийг дэлхийд дөрөвдүгээрт орох том эдийн засаг болгон тэлж, нийт ДНБ-ий хэмжээг 4 их наяд долларт хүргэх зорилтыг дэвшүүлжээ.

АСЕАН-ы эдийн засгийн өөр чухал асуудлуудын нэг бол Цахим эдийн засгийн суурь хэлэлцээр юм. Хэрвээ үүнийг оны эцэс гэхэд баталж чадвал дэлхий дээрх Цахим эдийн засгийн асуудлаарх бүс нутгийн хэмжээний анхны хэлэлцээр болно. Хэлэлцээрийн хүрээнд цахим худалдаа, электрон арилжаа, хил дамнасан өгөгдлийн урсгал, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухааныг удирдах зэрэг салбаруудад бүс нутгийн стандартуудыг нийцүүлэн мөрдсөнөөр 2030 он гэхэд 2 их наяд долларын багтаамж бүхий цахим эдийн засгийг бий болгох юм. Энэхүү гэрээ нь АСЕАН-ы орнуудад интеграцийн асар их боломжийг нээж өгөх боловч холбооны гишүүн улсууд цахимжилтын түвшнээр эрс тэс ялгаатай байгаа нь хүндрэл учруулж байна.
Түүнээс гадна, дэлхий дээрх хамгийн том худалдааны эвсэл болох “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” нь 2022 оноос хойш хэрэгжсэнээр худалдааны татвар буурсан боловч тарифын бус саадууд нэмэгдсээр байна.
 
Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал бий. АСЕАН-ы орнууд 2025 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 23 хувьд хүргэнэ гэсэн үүрэг амлалт авсан боловч энэ тал дээр гарч буй ахиц дэвшлүүд улс орнуудад ялгаатай байгаа юм.
Ийм том амбицтай хөтөлбөрүүдээ
АСЕАН хэрэгжүүлж чадах уу гэдгийг цаг хугацаа харуулна. Одоогоор тус холбооны
хувьд институцийн чадавх ба зөвшилцлийн үндсэн дээр шийдвэр гаргах боломж нь сул
хэвээр байгаа юм. 
Мьянмарын хямрал
Цэргийн эргэлт гарснаас хойш Мьянмар улс бараг 5 жилийн турш иргэний дайн, хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсээр байна. Тус улсын 3,5 сая гаруй иргэд дайны хөлөөс дайжин дотооддоо дүрвэсэн бол 1,4 сая хүн гадаадад цагаачилж, 6700 гаруй иргэд амиа алджээ. Үүний дам нөлөө нь бүс нутагт мэдрэгдсээр байна. Тухайлбал, Таиланд улс гэхэд Мьянмарын 100 мянган дүрвэгчийг хүлээн авсан бол Малайзыг хууль бус цагаачдын урсгал нөмөрчээ. Мьянмарын босогчдын хяналтад байгаа нутгуудад үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэлүүд хүний наймаа хийж, онлайнаар луйврын сүлжээ ажиллуулснаар олон орны иргэд хохирсон байна. Ийм үед дотоод хэрэгт оролцохгүй байхыг эрхэмлэдэг АСЕАН-ы зөөлөн дипломат бодлого нь хямралыг зогсооход үр нөлөөгүй гэдэг нь харагдлаа.
Энэ удаагийн саммитын үеэр хүчирхийллийг
нэн даруй зогсооож, яриа хэлэлцээ хийж эхлэхийг уриалсан 2021 оны 5 зүйл заалт
бүхий зөвшилцлийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа АСЕАН дахин илэрхийллээ. Мөн
удахгүй Мьянмарт болох сонгуульд ажиглагчдаа илгээхгүй байхаар шийдвэрлэжээ. Хунтынхан
12 дугаар сарын 28-наас эхлэн сонгуулийг хэд хэдэн үе шаттайгаар явуулах гэж
байгаа нь хямрал ноцтой ужгирсныг харуулж байна.  
АСЕАН дахь Хятадын нөлөө 
Малайзын уулзалтын үеэр АСЕАН ба Хятадын
хооронд чөлөөт худалдааны бүсийн тухай "3.0" шинэчилсэн гэрээнд гарын
үсэг зурах ёслол боллоо. Уг гэрээ нь дижитал эдийн засаг, тогтвортой хөгжил, ногоон
эдийн засаг, тарифын бус саад хоригийг арилгах зэрэг 9 асуудлыг хамарч
байна. 
Хятад улс 2022 оноос хойш АСЕАН-ы
хамгийн том худалдааны түнш болсон бөгөөд хоёр талын худалдааны эргэлт бараг 1
их наяд долларт хүрчээ. Үүний сацуу “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд
Хятадын талын хийж буй хөрөнгө оруулалт бүс нутгийн чухал дэд бүтцийн салбаруудыг
хамарч байна.  
Түүнээс гадна, энэ оны нэгдүгээр
сард Бээжингийн зуучлалаар Мьянмарын цэргийн хунт ба Мьянмарын Үндэсний
ардчилсан холбооны армийн хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулагдаж, гурван
сарын дараа Лашио хотыг хунтын мэдэлд шилжүүлэн өгчээ. Энэ үйл явдал нь
Мьянмарын асуудлыг шийдвэрлэхэд Хятад улс давамгайлах үүрэгтэй байгааг харууллаа.
Хаалтын ёслол 
АСЕАН-ыг 2025 онд даргалж буй Малайз улсыг
төлөөлөн Ерөнхий сайд Анвар Ибрагим үг хэлэхдээ “бид яриа хэлэлцээг сэргээж
чадлаа, шинэ гүүрүүдийг тавьж чадлаа, ингэснээр тэвчээр, ухаан давамгайлж буй цагт АСЕАН-ын
механизм урьдын адил ажилласаар байх болно гэдгийг харууллаа” гээд АСЕАН-ыг
даргалах эрхийг бэлгэддэг модон алхыг Филиппиний Ерөнхийлөгч бага Фердинанд
Маркост хүлээлгэн өглөө. Ротацийн зарчмын дагуу Филиппин улс ирэх 2026 онд
АСЕАН-ыг даргалах юм. 
“2026 онд бид яриа хэлэлцээ, энхтайван,
тогтвортой байдлыг эрхэмлэж, аюулгүй байдлын уламжлалт ба уламжлалт бус
асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын эрхзүйг
дээдлэх болно” гэж Филиппиний Ерөнхийлөгч хэллээ. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    