Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан "хаалттай" эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрдчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ 48 дугаар ээлжит хуралдаан Төрийн ордны Их танхимд 15.50 минутад эхэллээ.
Хуралдаанд ҮЗХ-ны гишүүдийн 60 орчим хувь нь хүрэлцэн ирсэн бөгөөд Ш.Түвдэндорж, А.Бакей нар хуралдааныг даргалж байна. Тус намын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн уг хуралдааныг "Хаалттай" горимд явуулахаар боллоо.
Өнөөдрийн хуралдаан нь 7 дугаар сарын 18-нд хуралдсан Ардчилсан намын ҮЗХ-ны 48 дугаар хуралдааны үргэлжлэл бөгөөд хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Тодруулбал ирэх 12 дугаар сарын 6-нд хуралдах АН-ын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүдийг байгуулах тухай, АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах тухай, АН-ын даргын сонгууль явуулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
Ардчилсан намын ҮЗХ нийт 228 гишүүнтэй бөгөөд тус намын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр товлогдон хуралдаж, гол чухал томоохон шийдвэрүүдээ гаргадаг. Одоогоор тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат томилогдоод байгаа. Өмнөх удирдлага буюу З.Энхболд нь УИХ, Аймаг нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Намын шинэ даргыг 12 дугаар сарын 6-нд хуралдах АН-ын VI их хурлаар сонгож томилох бөгөөд өнөөдөр ҮЗХ-ны хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн сонгон шалгаруулалт, өрсөлдөөн эхэлнэ.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ