Хятадад дэвшилтэт хиймэл оюуны хэрэглэгчдийн тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-10-20 17:40:33

БЭЭЖИН, 2025 оны аравдугаар сарын 20 /Xinhua/. Хятадад дэвшилтэт хиймэл оюун ухааныг хэрэглэгчдийн тоо энэ оны зургаадугаар сарын байдлаар өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад бараг хоёр дахин өсөж, 515 саяд хүрсэн тухай тус улсын Интернэт мэдээллийн төвийн тайланд дурджээ. 


Хиймэл оюун хэрэглэгчдийн тоо 266 саяар нэмэгдсэн бол хиймэл оюуны технологийн нэвтрэлтийн түвшин 36.5 хувьд хүрсэн байна.


Хятадад хиймэл оюун хэрэглэгчдийн дийлэнхийг залуучууд, боловсролтой иргэд эзэлдэг. Нийт хэрэглэгчдийн 74.6 хувийг 40 хүртэлх насныхан эзэлж байгаа бол дээд боловсролтой иргэд 37.5 хувийг бүрдүүлж байна.


Интернэт мэдээллийн төвийн захирал Лю Юлиний хэлснээр, хиймэл оюун нь аль хэдийн лабораторын концепцээс хальж, одоо хэдэн зуун сая хүн үйлчлүүлдэг болжээ. Хэрэглэгчдийн тоо огцом нэмэгдэж байгаа нь улсын хэмжээнд туршилтын хэрэглээнээс өдөр тутмын хэрэглээ рүү шилжиж байгааг харуулж байна гэж тэрбээр онцоллоо. 


Хятадын хэрэглэгчид дотоодын дэвшилтэт хиймэл оюуны загваруудыг ашиглах нь нэмэгдсэн бөгөөд мэдээлэл хайх, дижитал контент үүсгэх, оффисын ажлыг автоматжуулах, “ухаалаг” төхөөрөмжүүдийг удирдах зэрэгт өргөн хэрэглэж байгаа ажээ.


Дэлхийн хиймэл оюуны зах зээлд эзлэх Хятад улсын байр суурь улам бүр нэмэгдэж байгааг тайланд онцолжээ. 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар, Хятадад хиймэл оюунтай холбоотой 1.576 сая патентын өргөдөл хүлээн авсан нь дэлхийн даяар гаргасан нийт өргөдлийн 38.58 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм.




相关新闻