Зэвтэй ус гараад буй шугам хоолойг шинэчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-16 14:46:50

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Барилгын компаниуд нийслэлийн Хан-Уул дүүргийн Яармаг орчимд зарим хотхон, хорооллын ундны ус зэвтэй гараад байгаа учир шугам хоолойг нь сольж байна. 


Тодруулбал, Яармагийн Арцатын аманд байрладаг “Нутгийн буян групп” ХХК-ийн барьсан “Хаппи Резиденс” хотхон нь доторх салбар шугамаа сольж эхэлжээ. 


Өнгөрсөн онд тус дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан цэвэр усны 4.8 км үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор сольсон юм. Энэ шугамын эх үүсвэрээс Яармаг орчмын 500 гаруй барилга байгууламж цэвэр усаа авч хэрэглэдэг.


НЗДТГ-ын мэдээлснээр, цэвэр усны төв магистрал шугамыг шинэчилсэн ч зэвтэй ус гарсаар байгаа аж. Учир нь Яармагт барилга барьж буй аж ахуйн нэгж, компани, орон сууцны контор, хариуцагч байгууллагууд өөрсдийн дотоодын буюу төв магистрал руу холбох салбар шугам сүлжээгээ стандартын бус зэв үүсгэдэг хоолойгоор хийсэн байжээИймд НЗДТГ-аас стандарт хангаагүй шугам сүлжээгээ зэв үүсгэхгүй материалаар шинэчлэхийг удаа дараа шаардаж, хүсэлт тавьсан бөгөөд хотын дарга Х.Нямбаатар барилгын компаниуд зэвтэй шугам сүлжээгээ шинэчлэх төлөвлөгөө батлуулж, заасан хугацаанд солихгүй бол барилгын үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа билээ.


УБЗАА-наас нийт гүйцэтгэгч байгууллага, контор, УСУГ-тай хамтарсан уулзалтыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөжээ.

 

相关新闻