Дулааны цахилгаан станцууд өвлийн бэлтгэлээ 98-100 хувь базаажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-11-15 14:40:36

Улсын хэмжээнд эрчим хүчний 26 үйлдвэр компани цахилгаан, дулаан үйлдвэрлэн түгээж байна.  

Дээрх эрчим хүчний үйлдвэрүүдийг Шивээ-Овоо, Багануур, Шарын голын уурхайнууд нүүрсээр хангаж буй юм. Эрчим хүчний яамны ажлын хэсэг өвлийн бэлтгэл ажлыг хангасан эсэхэд хяналт тавин ажиллажээ.

 Одоогийн байдлаар ТЭЦ II – 8 376 тонн буюу 9 хоногийн, ТЭЦ III – 56 890 тонн буюу 12 хоногийн, ТЭЦ IY – 185 171 тонн  18 хоногийн, Дарханы цахилгаан станц – 35 877 тонн буюу 27 хоногийн, Эрдэнэтийн дулааны станц – 39 773 тонн буюу 40 хоногийн,  Амгалан станц – 10 986 тн буюу 21 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа аж.

 

“ДЦС II” ТӨХК болон Амгалан дулааны станцын өвөлжилтийн бэлтгэл 98 хувьтай байгаа бөгөөд нүүрсний нөөц болон ус хангамжийн хувьд хангалттай байгааг удирдлагууд нь хэлж байна.

“ДЦС IV” ТӨХК Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 71 хувь, нийслэлийн дулааны эрчим хүчний 52 хувийг хангадаг томоохон үйлдвэр юм. Монгол Улсын эрчим хүчний системийн ачааллыг нуруундаа үүрдэг энэхүү станцын хувьд өвлийн бэлтгэлээ 100 хувь базаажээ. Үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийн нэг нүүрсний хангамж хэвийн, 21 хоног буюу 185 мянган тоннын нөөцтэй байгааг албаныхан дуулгалаа.  

Харин Нийслэлийн дулаан хангамжийг хариуцдаг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өвлийн бэлтгэлээ бүрэн хангасныг гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир онцоллоо.

Шугам тоноглолын шинэчлэл, засварын ажлыг шат дараалан хийж байгаа ч, насжилт хэтэрснээс зарим хэсэгт гэмтэл гарахыг үгүйсгэхгүй гэдгийг тэрээр хэлсэн юм. Тухайлбал, Таван шар орчмын салаалсан шугам 8Д магистраль элэгдэлд орсон учраас өвлийн ид ачааллын үед дулаан алдах аюул бий гэнэ. Нийслэлийн хэмжээнд 337 км дулааны үндсэн шугам байгаагаас өнөөдрийн байдлаар 45 хувь нь элэгдэлд орж, засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгаа аж.   “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд 2016 онд 200 гаруй шинэ объектыг дулаанд холбожээ. Өмнө нь шинэ барилга объектууд дулаанаа авахын тулд урьдчилж гурван сарын мөнгө төлдөг байсан бол одоо тоолуураар дулааныхаа төлбөрийг хийх зохицуулалттай болсон байна. “ДЦС IV” ТӨХК нийт 700 МВт-ын цахилгаан эрчим хүч, 1373 Ккал дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадалтай ажиллаж буй юм.

Эрчим хүчний яамнаас станцын гол түүхий эд болох нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн уурхайн санхүүгийн асуудлыг  шийдсэнээр өвөлжилтийн бэлтгэл хангахад гол хөшүүрэг болжээ.Тодруулбал дээрх уурхайнуудад төсвийн зээлээр 20 тэрбум төгрөг шийдсэн нь цахилгаан станцуудад нүүрсээ хэвийн хэмжээнд нийлүүлэх боломж бүрдсэн байна.Ингэснээр нүүрсний нөөц 380 мянган тонн, өвлийн ид ачааллын үед 450 мянгад хүргэх боломж бүрджээ.

Б.Заяа

 

相关新闻