СҮХБААТАР: Модоор урлаач Хасын Монхоорой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-09 08:49:08

Баруун-Урт 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Цэцэн хан аймгийн Эрх гүн, Хардал жанжин бээсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум нь уран дархчууд, сийлбэрч, ерөөлч магтаалч олонтой нутаг юм.Тэдний нэг уран сийлбэрч Хасын Монхоорой 1933 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Баруун Зээрд гэдэг газарт төрж, малчин, мужаан, сийлбэрчин, худгийн моторчин, тоо бүртгэгч зэрэг олон ажлыг хийж явжээ.

 

Тэрбээр нүүдэлчин монголын соёлын их өв уламжлалыг өөрийн сийлбэр бүтээлээрээ монголдоо төдийгүй гадаад оронд сурталчлан таниулж, музейн сан хөмрөгийг баяжуулсан дахин давтагдашгүй авьяас бүхий алдартай сийлбэрч хүн байсан байна.


 

Х.Монхоорой 1963 онд нэг ч төмөр оруулалгүйгээр эд ангийг нь ердийн модоор зорж хийсэн модон оёдлын машиныг урласан байдаг. Тэрбээр “Модоор машин хийж болох үгүйг л үзэх гэсэн юм” гэж хуучилдаг байжээ. Энэхүү оёдлын машин нь Орос оёдлын машинтай харьцуулахад арай алхам холтой оёдог. Уг модон машин одоо аймгийн Угсаатны зүйн музейн голлох үзвэрийн нэг болж олны хараа сонирхолыг татсаар байгаа юм.



Аймгийн соёл урлагийн арав хоногийн бэлтгэл ажил ид өрнөсөн 1965 оны хоёрдугаар сард Х.Монхоорой гуайг сумаас нь дуудан аймгийн төвд ирүүлж түмний нүд хужирлах бүтээл, хүний гар дээр тавих бэлэг сэлтээс аваад олон зүйлийг хийлгэсэн байна. Мөн л аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдан олны хүртээл болж байгаа “Чоно авлагч”, “Адуучин”, “Чоно хөөж буй буур”,”Худаг гаргагч”, “Азарганы ноцолдоон” , "Зээрийн сүрэг", "Буга согоо" зэрэг хөдөөгийн аж амьдралыг илтгэн харуулсан модон сийлбэрүүдээ тэр үед л бүтээсэн байна.

 

Х.Монхооройн уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, аймгийн хүндэт дэвтэрт нэрийг нь бичсэн байдаг бөгөөд тэрээр 2008 онд өөд болжээ.


 


相关新闻