Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ-ий сугалаа явагдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-08 16:40:45

ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 8 /FIBA/. Германд 2026 онд болох эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ урьдчилсан шатны сугалааг Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ мягмар гарагт явуулжээ. 


Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотод болох тэмцээнд аваргын цолоо хамгаалахыг зорьж буй АНУ-ын шигшээ баг Испани, Италийн багуудтай өрсөлдөх бол өмнөх ДАШТ-ий дэд байрт шалгарсан БНХАУ-ын баг Ухань хотод Бельги, Бразилын эсрэг талбайдаа тоглох ажээ. 


Урьдчилсан шатны тэмцээнүүд 2026 оны гуравдугаар сарын 11-17-ны хооронд болох бөгөөд Францын Лион-Вийербан болон Туркийн Истанбул хотуудад мөн явагдана. Улмаар 2026 оны есдүгээр сарын 4-13-ны хооронд Германы Берлин хотноо болох ДАШТ-д аваргын төлөө 16 баг өрсөлдөх юм.


Сугалааг Германы шигшээ багийн шилдэг тоглогч Мари Гюлих, Францын шигшээ багийн ахлагч асан Андине Мийем нар явуулжээ. Ингээд сугалааны тохирлыг бүрэн эхээр нь танилцуулъя.


  • БНХАУ-ын Ухань хотод: Мали, Өмнөд Судан, Бразил, Бельги, Чех, Хятад
  • Францын Лион-Вийербан хотод: Колумби, Филиппин, Герман, Өмнөд Солонгос, Франц, Нигери
  • Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотод: Шинэ Зеланд, Пуэрто-Рико, АНУ, Сенегал, Итали, Испани
  • Туркийн Истанбул хотод: Унгар, Турк, Аргентин, Австрали, Канад, Японы багууд тоглох ажээ.

 


相关新闻