ХӨВСГӨЛ: Барут хотын нэрэмжит ногоон байгууламжтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-08 10:33:16

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Герман улсын Барут Марк хотын дарга Петер Илкийг хүлээн авч уулзлаа.


Тус аймгийн Мөрөн хот болон Герман улсын Барут Марк хот анх 2011 онд найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг олон салбарт  хамтран ажиллаж ирсэн юм.


Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хийж буй ажлын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.


Тухайлбал ирэх онд  Барут Марк хотын нэрэмжит ногоон байгууламжийг Мөрөн хотод байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Герман улсын дэвшилтэт технологийг Хөвсгөл аймагт нэвтрүүлж, мэргэжлийн боловсон хүчнийг авч ирж сургалт зохион байгуулна.


Мөн  шинээр байгуулагдсан бяслагийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг судлах, Герман болон Хөвсгөл аймгийн талх, нарийн боовны үйлдвэрлэлийн техник, технологийг харилцан судалж, туршлага солилцох зэрэг асуудлуудыг ажил хэрэг болгохоор ярилцлаа.


Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар ирэх онд болох Хөвсгөл аймаг, Барут Марк хотын хамтын ажиллагааны 15 жилийн ойг өргөн хүрээнд зохион байгуулж, хоёр талын найрамдал, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 

 



 

相关新闻