Дэлхийн 160 оронд амжилттай хэрэгжиж буй “Great” төслөөс суралцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМИх Британийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “Great” төслийн захирал Конрад Бөрд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-18-нд Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.
Уг төсөл нь аялал жуулчлалыг дэмжих, гадны хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, оюутан солилцоог идэвхжүүлэх чиглэлээр 2012 оноос дэлхийн 160 гаруй оронд амжилттай хэрэгжиж байгаа юм. Монгол Улсыг гадаадад сурталчлах нь ГХЯ-ны үндсэн чиг үүргийн нэг. Тиймээс олон улсад амжилттай хэрэгжиж буй энэхүү төслөөс туршлага судлах нь Монголын аялал жуулчлалын хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар мэдээлэв.
“Great” төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Британийн Хатан хааны гэр бүлийн гишүүд болон хувийн хэвшлийн 250 гаруй байгууллага, алдартнууд үнэ төлбөргүй сурталчилдаг байна. Мөн соёл урлаг, боловсролын салбарын байгууллагууд өөрсдийн сурталчилгаандаа “Great” төслийг давхар оруулдаг аж.
Конрад Бөрд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсыг гадаадад сурталчлах боломжийн талаар холбогдох албаныхантай уулзалт хийхээс гадна хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагуудад төслийн ололт амжилт, туршлагын талаар мэдээлэл өгнө. “Great” төслөөс туршлага судалснаар Монгол Улсын гадаад сурталчилгааны бодлогыг иргэдэд танилцуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг төгөлдөржүүлэх зэрэг цог арга хэмжээ авч хэрэгжүүлэх гарц, гаргалгааг тодорхойлох ач холбогдолтой хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа юм.
Ч.Ариунболд