Н.Мадуро ээлжит бус сонгуулийг эсэргүүцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-14 13:55:13

КАРАКАС./Dw/. Венесуэлийн парламент дахь сөрөг хүчнийхэн ээлжит бус сонгууль явуулах эсвэл олон нийтийн санал асуулга явуулах шаардлага тавьсныг тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро эсэргүүцсэн байна. Хоёр хоногийн өмнө талууд улс төр, эдийн засгийн хямралаас гарах арга замыг олохоор тохиролцсон билээ.

"Санал асуулга явуулж, хүндрэлээс гарах арга зам гэв үү? Үндсэн хуульд заагаагүй ийм сонгуулийн талаар хэн ч сэтгэлээ зовоох хэрэггүй" гэж Н.Мадуро телевизээр ярьжээ.

Иргэний дайн, нийгмийн хагаралд хүргэж болзошгүй хямралаас гарах арга замын талаарх хэлэлцээг ирэх сарын 6-нд үргэлжлүүлэхээр Николас Мадурогийн Социалист Засгийн газар болон сөрөг хүчний “Democratic Unity Roundtable” сонгуулийн эвсэл тохиролцсон байна.

Талуудын гаргасан хамтарсан мэдэгдэлд “бидний дунд гараад байгаа улс төрийн санал зөрөлдөөнийг ардчилсан, тайван замаар сонгууль явуулж, зөвхөн Үндсэн хуулийн хүрээнд зохицуулах боломжтой гэдэгт бид санал нэгдлээ” гэсэн байна.

Гэвч өнгөрсөн онд шүүхийн шийдвэрээр Амазонас мужийн хууль тогтоогчид албан тушаалаасаа огцорсны дараа ээлжит бус сонгууль явуулна гэж тохиролцсоноос өөрөөр сонгуулийн талаар уг мэдэгдэлд дурдаагүй ажээ.

Д.Нямтулга

 

相关新闻