Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-17 13:09:35

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотноо энэ оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа.


Хэлэлцээр байгуулснаар Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бий болж, агаарын харилцааг хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэж байна.


Баруун Азийн орнууд руу нислэгийн чиглэл нээх, олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын харилцаа, худалдаа-эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.


Засгийн газрын хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн яамнаас агаарын тээврийн либералчлалыг дэмжиж агаарын харилцааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, нислэгийн чиглэл, тоо, давтамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

相关新闻