Төсвийн орлого, тусламжийн хэмжээ багасжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувь буюу 572.2 тэрбум төгрөгөөр багаслаа.
Мөн тэнцвэржүүлсэн
орлого, тусламжийн хэмжээ 18.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс
4.3 хувиар буюу 818.1 тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статитикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил манай улсын нийгэм, эдийн засгийн
2025 оны эхний 8 сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулах үеэрээ
мэдээлэв.
Харин мөнгөний нийлүүлэлт (М2) энэ оны наймдугаар
сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 44.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн
үеийнхээс 6.5 хувь буюу 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Үүнд төгрөгийн
хадгаламж 13.9 хувиар буюу 2.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Түүнчлэн улсын гадаад өр энэ оны хоёрдугаар улиралд 39.6 тэрбум ам.долларт
хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 12.7 хувиар буюу 4.5 тэрбум, өмнөх улирлынхаас
4.1 хувиар буюу 1.6 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Ийнхүү нэмэгдэхэд шууд
хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 10.7 хувь буюу 1.7 тэрбум, төв
банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 72 хувиар буюу 1.3 тэрбум, Засгийн
газрын гадаад өр 10.3 хувь буюу 824.5 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.