“Архидалтгүй Хэнтийчүүд” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон “Архидалтгүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-ын үйл ажиллагааг дэмжин сургалтын шинэ байр барихад нь зориулж мөнгөн тусламж үзүүллээ.
2012 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй тус ТББ нь 107 хүнийг сургалтанд хамруулснаас 44 нь архины хамаарлаасаа бүрэн ангижирч, өөрийн гэсэн амьдралтай, орон гэртэй болж сайн сайхан амьдарч явна. Одоогийн байдлаар гурван хүнийг аймгийн НЭ-ийн мэдрэлийн тасагт хэвтүүлэн хордлого тайлах, сэтгэл заслын эмчилгээг энэ сарын 7-ны өдрөөс эхлүүлжээ.
Сургалтын байрны дотор заслын ажил үлдсэн бөгөөд 11 сардаа багтаан ашиглалтад оруулах юм байна. “Энэхүү байрандаа архины хамааралтай иргэдэд зориулсан сургалт явуулахаас гадна гэр оронгүй хүнийг амьдруулах боломжтой” хэмээн тус ТББ-ын тэргүүн Л.Энхбаатар ярьлаа.
Хэрлэн суманд 96 аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй бөгөөд нэг шил архины 0,5 хувь нь хүний сайн сайханд зориулагдах ёстой байдаг аж. Тэрбээр эмчилгээгээ эхлүүлэхээр 47 байгууллагад хандахад нийгмийн хариуцлагаа ухамсарлан Жүрж супермаркет, Миний дэлгүүр гэсэн байгууллагууд л тусламж үзүүлсэн байна.
Хэнтий аймгийн хэмжээнд өнгөрсөн 4 жил "Архигүй Хэнтийчүүд" хөтөлбөр амжилттай хэрэгжиж, 1049 иргэн архины хамаарлаасаа ангижирсан гэх статистик тоо бий. Тэгвэл аймгийн шинэ удирдлагууд тус хөтөлбөрийг үр дүнтэй хэмээн үзэж, "Архидалтгүй Хэнтийчүүд" болгон нэрийг нь өөрчилж, ийнхүү үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хэнтий Д.Одонтунгалаг