Сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсч болзошгүйг анхааруулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАНГКОК. /TASS/. Арваннэгдүгээр сарын 8-нд болох парламентын сонгуулийн өдөр эмх замбараагүй байдал үүсч болзошгүйг Мьянмар улсын сөрөг хүчний удирдагч, Нобелийн Энх тайвны шагналт Ан Сан Су Чи дэмжигчдэдээ анхааруулсан байна. Энэ тухай “Myanmar Eleven” сонинд мэдээлжээ.
“Сонгуулийн өдөр хүмүүс сонор сэрэмжтэй байх ёстой. Энэ өдөр зориудаар зохион байгуулсан үймээн гарч болзошгүйг би та бүхэнд анхааруулж байна. Сонгуулийг тайван явуулах нь бид бүхний хувьд маш чухал юм” гэж Су Чи мэдэгдсэн байна. Улс төрчид болон ажиглагчдын урьдчилан таамаглаж буйгаар, түүний тэргүүлдэг “Ардчиллын төлөөх үндэсний лиг” Мьянмарын парламентын сонгуулийн кампанит ажилд ялах магадлалтай намуудын нэг юм.
Тус улсын хууль тогтоомжийн дагуу, шинэ ерөнхийлөгчийг парламентын депутатууд дотроосоо сонгоно. Харин Үндсэн хуульд нь зааснаар гадаадын иргэнтэй төрөл садны холбоотой бол ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших эрхгүй юм. Энэ заалт Су Чид саад болж байгаа боловч “ямар ч байсан тус улсыг удирдах болно” гэдгээ тэрбээр хэдийн мэдэгджээ. 20 жил гэрийн хорионд байсан Ан Сан Су Чи Их Британийн эрдэмтний бэлэвсэн гэргий бөгөөд хоёр хүү нь Лондонд оршин суудаг Их Британийн иргэн юм.
Д.Жаргал