Хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-09-05 10:12:20

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын энэ сарын 4-ний өдрийн тушаалаар хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоолоо.


Хуш модны самрыг аравдугаар сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын нэгний хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг.

Ингэхдээ Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тогтоодог.



Болц гүйцсэн боргоцой нь 10 дугаар сараас эхлэн газарт унаж эхэлдэг. Журмын дагуу иргэд ахуйн зориулалтаар 50 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 1000 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой. Харин зөвшөөрсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авдаг. Хуш модны самрыг болц гүйцээгүй үед түүх, их хэмжээгээр бэлтгэх нь тухайн ойг хортон шавжид нэрвэгдэж ургахгүй болгох, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, улмаар самраар хооллогч шувуу, мэрэгч, амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог байна.


Манай орны ойн сангийн байгалийн ойн талбайн 5.17 хувийг хушин ой эзлэх бөгөөд 10 аймгийн 63 сум, Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн санд тархан ургадаг юм.


相关新闻