УИХ-ын гишүүн С.Жавхлан "Эрдэнэт"-ийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гишүүн С.Жавхлан Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар нээлттэй ярилцах урилгыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийн эхэнд "Түмэн олонд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой учир нь үл мэдэгдэх төөрөгдөл их үүслээ. Өмнө нь би хэлж байсан. Нэг байшинд ажиллаж байж бие биенээ олж уулзаж чаддаггүй юм байна. Тиймээс иргэдийн хүлээлт, төөрөгдлийг тайлах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг хийх хүсэлтийг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” телевизийн захирал Ч.Батцэнгэлд бичгээр хүргүүлсэн. Үүний хариуд зөвшилцөөд цагаа тохирох хэмжээнд явж байтал МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь Ч.Батцэнгэлийг 11 дүгээр сарын 8-нд ажлаас нь халсан байна. Капла гэгчийг өмнө нь яагаад Монголоос зугтаалгасан талаар халз мэтгэлцээн хийхээр дуудах үед яг ийм үйл явдал гарсан. Энэ нь хардлага төрүүлж байна" гэлээ.
Тэрбээр телевизүүд "Эрдэнэт"-тэй холбоотой асуудлаар телевизүүдтэй хаалтын гэрээ хийсэн гэх яриа байгааг хэлээд МҮОНРТ нь "Рио 2016" олимп нэрийн дор 500 сая төгрөгөөр хаалтын гэрээ хийсэн байж болзошгүй байна гэв. Тиймээс энэ асуудлыг шалгаж нягтлах хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос МҮОНРТ-ийг шалгах ажлын хэсэгт хүргүүлсэн аж.
С.Жавхлан гишүүний уриалж буй нээлттэй хэлэлцүүлгийн нэвтрүүлэг нь энэ сарын 18-ны баасан гарагт 21:00 цагаас "ММ" сувгаар нэвтрэх бөгөөд төрийн гурван өндөрлөгт ирж оролцох хүсэлт хүргүүлжээ.
Энэ талаар тэрбээр "Хамгийн түрүүнд "Эрдэнэт" үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хамгийн их нэр нь холбогдоод байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид урилга хүргүүлж байна. Мөн УИХ-ын дарга М.Энхболдод урилга хүргүүлнэ. Энэ байшинд хэн нь үнэн яриад байгаа нь мэдэгдэхгүй байна. Тиймээс олон нийтийн телевизээр ярилцах хэрэгтэй. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон "Эрдэнэт"-тэй холбоотой асуудлаар хамгийн их ярьж байгаа Ц.Нямдоржийг урьж байна. Дараа нь "Эрдэнэт" үйлдвэрийн хувьчлалтай холбоотой бүх хүмүүсийг урьж яриулна. Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг ирээсэй гэж хүсч байна. Түмэн олон минь анхаарлаа сайн хандуулаарай. Энд хэн хэн ирэх нь вэ, хэн нь гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг болох нь вэ гэдгийг хараасай. Эдгээр хүмүүс ч монгол хүн л юм бол үнэн зөвийг хэлж ярихаар хүрэлцэн ирэх байх" гэв.
Мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан албан тушаалтнууд сайн дураараа, итгэл үнэмшлээрээ хүрэлцэн ирэх нь нээлттэй гэдгийг хэлж байв.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал