Д.Трамп ялсан нь цагаан арьст ажилчин анги "өөрчлөлтийн өлсгөлөнд нэрвэгдсэн"-ийг харууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-11 12:48:41

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп цагаан арьст ажилчин ангийн сонгогчдын дэмжлэгийг авснаар яллаа.

2007 оны эдийн засгийн хямралаас өнөө хэр нь бүрэн гарч чадаагүй байгаа цагаан арьстнууд болон ажилчин ангийн хэдэн сая сонгогчид АНУ-ын эдийн засгийн үр шимээс хүртэж чадахгүй байгаа тул өөрчлөлт хийхийн тулд Д.Трампыг ерөнхийлөгчөөр сонгожээ.

Америкийн Брукингсийн хүрээлэнгийн ахлах шинжээч Даррелл Уэст хэлэхдээ “хөдөө орон нутгийн цагаан арьст сонгогчдын ихэнх нь эдийн засгийн хэтийн төлөв тааруухан байгаагийн улмаас Д.Трампт саналаа өгчээ. Улс орон буруу зүгт яваад байна гэж тэд үзжээ” гэв.

Тэрбээр цааш нь ярихдаа “Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Клинтоны зан байдал эргэлзээ төрүүлсэн. Тиймээс сонгогчид түүнийг төрийн тэргүүн болоход тохирох хүн гэж үзээгүй” гээд “Х.Клинтон бол шударга хүн биш” гэж Д.Трамп буруушаадаг байсныг дурдлаа.

Шинжээчид болон олон нийтийн дунд санал асуулга явуулагчдын хувьд “ерөнхийлөгчийн сонгуульд Х.Клинтон ялна” гэсэн урьдчилсан таамаг нь талаар өнгөрч, тэрбумтан Д.Трамп Цагаан ордны тэргүүнээр сонгогдсон юм. Энэ сонгуулийн дүн нь Вашингтон дахь “эрх баригч ангийнхан”-д ажилчин ангийнхан сэтгэл дундуур, бухимдалтай байгаа, нийгмийн давхаргууд хоорондын ялгаа улам ихэссээр байгааг Д.Трамп гярхай олж харсныг харууллаа.

Мөн Д.Трампын ялалт нь өнгөрсөн найман жилийн хугацаанд Барак Обама АНУ-ын “сайн удирдагч” байж чадаагүйг нотоллоо. Өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд АНУ-ын эдийн засаг саарч, баян ба ядуугийн ялгаа ихээхэн газар авсан гэж шинжээчид үзжээ.

Жижиг бизнес эрхлэгчдэд дарамт учруулсан тоо томшгүй олон хууль журам хэрэгжүүлж, дэлхийн хамгийн том эдийн засгийн өсөлтийн хурдыг сааруулан, ажлын байрны тоог нэмэгдүүлж чадахгүй байна гэж Д.Трампыг дэмжигчид Обамад гомдоллож байсан юм. Үүнтэй холбоотойгоор Д.Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр ийм дүрэм журмуудыг хүчингүй болгохоо амлахад хүмүүс алга нижигнүүлэн ташиж байсан билээ.

Албан ёсны мэдээнд дурдсанаар, Америкт ажилгүйдлийн түвшин 5 хүрэхгүй хувьтай байгаа хэдий ч ажил хайж буй хэдэн сая хүн байна. Үйлдвэрүүдэд голдуу гадаадын иргэд, цагаачид ажиллаж, АНУ-ын эдийн засаг буруу чиглэлд явж байгаад хүмүүс санаа зовниж байсан нь Д.Трампыг ялахад нөлөөлжээ. Америкт хэдэн сая хүн ядууралд нэрвэгдэж, хүнсний талоноор голоо зогоож  байгаа юм. Үйлдвэрт ажиллаж буй америкчуудын тоо 1970 оноос хойших хамгийн доод түвшинд хүрээд байгаа аж. Д.Трамп эдгээр сэтгэл түгшээсэн асуудлуудыг шийдэж чадна гэдгээ сонгуулийн кампанит ажлын үеэр амлаж байсан билээ.

Америкчуудын 70 хувь нь улс орныхоо удирдлагад сэтгэл дундуур байгаа бөгөөд тэдний ихэнх нь өөрчлөлт хийхийг хүсч, өнгөрсөн найман жилийн хугацаанд Б.Обама АНУ-ыг зөв зүгт чиглүүлж чадаагүй гэж үзэж байгааг сонгуулийн өмнө явуулсан санал асуулгуудын  дүн харуулж байна.

Д. Трамп АНУ-ыг хэрхэн удирдах вэ?

Д.Трамп улс орноо хэрхэн удирдаж, эхний 100 хоногт юу хийж чадах вэ гэдэг нь асуулт хэвээр байна. Б.Обамагийн маргаан дагуулсан эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрийг зогсоож, өөр санаачилга хэрэгжүүлнэ гэдгээ Д.Трамп сонгуулийн кампанит ажлын явцад амлаж байсныг шинжээчид цохон тэмдэглэж байна. "ObamaCare" буюу Б.Обамагийн засаг захиргаанаас гаргасан эрүүл мэндийн даатгалын шинэ хуулийн хүрээнд шимтгэлийн хэмжээ эрс нэмэгдсэнийг шүүмжлэгчид дурдаад “энэ төлөвлөгөө нь  татвар төлөгчдөд ихээхэн дарамт болно” гэж үзэж байсан юм.

Ерөнхийлөгчийн албан тушаалд суусны дараах эхний үе Д.Трампын хувьд амаргүй байх болно гэж шинжээчид үзэж байна.

Шинжээч Д.Уэст хэлэхдээ “өөрийн байр сууриа тодорхой илэрхийлдэггүй учир Д.Трамп ямар ерөнхийлөгч болохыг хэлэхэд хэцүү. Гэхдээ Д.Трамп худалдаа болон цагаачлалын асуудалд хатуу байр сууринаас хандаж, терроризмтой тууштай тэмцэхээ мэдэгдэж байсан. Тиймээс тэрбээр эдгээр асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллах болов уу ” гэв.

Д.Трамп ялсан нь АНУ болон Бүгд Найрамдах нам шинэ бөгөөд илүү популист зүгт чиглэж байгаагийн илрэл боллоо гэж шинжээчид мөн үзэж байна. 1880 болон 1920-иод оны үеийн улс төрийн уур амьсгалаас хойш ийм популизм түүхэнд ажиглагдаагүй гэж шинжээчид онцолж байна.

Г.Доржханд

 

相关新闻