2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд хийж, зарчмын зөрүүтэй саналуудыг санал хурааж дэмжсэн. Улмаар чуулганы нэгдсэн хуралдааны дундуур Төсвийн байнгын хороог зарлан хуралдуулж, төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Ингээд үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Төсвийн хүрээний мэдэгдэлд:
Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, гадаад хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийг солонгоруулах замаар ДНБ-д эзлэх эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувь, 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүргэх, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан.
2018-2019 оны төсвийн төсөөллийг тооцон үзэж:
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого - 2017 онд 6,160.2 тэрбум буюу ДНБ-д эзлэх хувь 23.3 хувь, 2018 онд 6,822.6 тэрбум буюу 23.8 хувь, 2019 онд 7,561.3 тэрбум буюу 23.7 хувь,
Төсвийн нийт зарлагын дээд хэмжээ: 2017 онд 8.568,9 тэрбум буюу ДНБ-д эзлэх хувь 32.3 хувь, 2018 онд 8,971.2 тэрбум буюу 31.3 хувь, 2019 онд 9,316.5 тэрбум буюу 29.2 хувь,
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл: 2017 онд -2,408.7 тэрбум буюу ДНБ-д эзлэх хувь -9.1 хувь, 2018 онд -2,148.6 тэрбум, 2019 онд -1,755.2 тэрбум төгрөг,
Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ: 2017 онд 1,483.9 тэрбум буюу ДНБ-д эзлэх 5.6 хувь,
Төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ: 2017 онд -1,125.5 тэрбум буюу ДНБ-нд эзлэх хувь -4.2 хувь, 2018 онд 402.3 тэрбум буюу ДНБ-д эзлэх хувь 1.4, 2019 онд 345.3 тэрбум буюу ДНБ-д эзлэх хувь 1.1 хувь,
Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр: 2017 онд 22,363.7 тэрбум буюу ДНБ-д эзлэх хувь 84.4, 2018 онд 22,889.5 тэрбум, 2019 онд 23,903.1 тэрбум буюу ДНБ-д эзлэх хувь 74.9 хувь байхаар баталлаа.
Бодлогын хувьд:
- Дунд хугацаанд татварын орчныг тогтвортой байлгаж, шинэ татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэхгүй байх, жижиг дунд үйлдвэрийг татварын бодлогоор дэмжих, ажил гүйлгээг бүртгэлжүүлэх, мэдээллийн технологийг татварын харилцаанд түлхүү ашиглах замаар татварын хураалт, хяналт, эрсдлийн үнэлгээг бодитой, үр дүнтэй, шуурхай, татвар төлөгчид чирэгдэл багатай хийх нөхцлийг бүрдүүлж, татварт хамрагдалт, татварын бааз суурийг тэлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
- “Оюу толгой” төслийн далд уурхай, “Таван толгой”, “Таван толгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэх
- Засгийн газрын өмч хувьчлалын бодлого боловсруулж, төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компанийн менежментийг сайжруулах замаар ашигт ажиллагааг дээшлүүлэх,
- Гадаадын зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд санхүүжилт хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар хүүгийн зардлыг дунд хугацаанд бууруулах зэрэг талаар тусгасан юм.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ