Америкийн бараанд татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-12 10:12:58

БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 12. /ТАСС/. Америкийн бараа бүтээгдэхүүнд 24 хувийн татвар ногдуулах хугацааг 90 хоногоор хойшлуулахаар шийдвэрлэснээ БНХАУ-ын Худалдааны яам мэдэгджээ.


“Наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 24 хувийн татвар ногдуулах хугацааг 90 хоногоор хойшлуулж байна, үүний сацуу 10 хувийн татвар үйлчилсэн хэвээр байх болно” гэж тус яамны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд дурдсан байна.


Үүний зэрэгцээ Женевт хийсэн тохиролцооны дагуу АНУ-ын эсрэг тарифын бус арга хэмжээнүүдийг зогсоох, хойшлуулахын тулд Хятадын тал шаардлагатай арга хэмжээнүүдийг авах ажээ.


Ташрамд дурдахад, өчигдөр буюу даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын бараанд татвар ногдуулах хугацааг 90 хоногоор хойшлуулна гэдгээ мэдэгдсэн билээ.


Женев хотноо тавдугаар сарын 10-11-нд болсон Америк-Хятадын хэлэлцээний дүнд харилцан ногдуулсан татваруудаа 90 хоногийн хугацаанд бууруулах талаар тохиролцсон бөгөөд энэ хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм.


Улмаар долоодугаар сарын 28-29-нд Стокхольмд болсон хэлэлцээний дүнд татвар ногдуулах хугацааг дахин хойшлуулах талаар хоёр тал тохиролцсон байна. Гэвч АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдэхдээ, эл тохиролцооны бүхий л нөхцлийг эхлээд Ерөнхийлөгч Д.Трамп дэмжсэн байх ёстой гэсэн юм. 

相关新闻