Малайзын иргэн бүрд 24 ам.доллар олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-25 11:59:44

КУАЛА-ЛУМПУР, 2025 оны долоодугаар сарын 25 /Al Jazeera/.  Амьжиргааны өртөг нэмэгдэж буйгаас үүдэлтэй үр дагаврыг зөөлрүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээний хүрээнд Малайзын насанд хүрсэн иргэн бүрд 100 рингитийг /24 ам.доллар/ нэг удаа олгохоор шийдвэрлэсэн тухай тус улсын Ерөнхий сайд Анвар Ибрагим мэдэгдлээ.


Тэрбээр телевизээр үг хэлэхдээ, энэхүү тусламжийг Малайзын 22 сая иргэн хүртэх бөгөөд үүнд 15 тэрбум рингит зарцуулахаар тооцоолсон байна. Үүний сацуу нэг литр бензиний үнэ 2,05 рингит байгааг 1,99 рингит болгон бууруулж, мөн 10 хурдны замаар зорчих төлбөрийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байсныг цуцалжээ.


Эдгээр арга хэмжээ нь дотоодын эрэлтийг дэмжихэд тустай боловч улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэж, төсвийн алдагдлыг 2028 он гэхэд ДНБ-ий 3 хувьд хүргэж бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд саад учруулна гэж шинжээчид үзэж байна.


Харин зарим шинжээчийн үзэж байгаагаар, энэхүү шийдвэр нь бага, дунд орлоготой өрхүүдийн амьжиргаанд нэмэр болох бөгөөд энэ оны эхний хагаст 4,4 хувь байсан эдийн засгийн өсөлт оны сүүлийн хагаст 3,5 хувь болж буурах төлөвтэй байгаа үед өсөлтийг дэмжихэд чиглэсэн засгийн газрын бодлогод нийцэж байгаа ажээ.


Амьжиргааны өртөг нэмэгдэж буй энэ үед Ерөнхий сайд Анвар шинэтгэл хийх амлалтаа биелүүлэхгүй байгааг эсэргүүцсэн жагсаал цуглаан бямба гарагт болохын өмнөхөн иргэдэд мөнгө тараах шийдвэр гаргалаа гэж сөрөг хүчнийхэн шүүмжилж байна.


Цагдаагийн газрын мэдээллээр, “Перикатан” үндэсний эвслийн зохион байгуулах уг эсэргүүцлийн ажиллагаанд 15 мянга орчим хүн оролцох төлөвтэй байгаа ажээ.  

相关新闻