Хууль бус ан хийсэн 168 зөрчлийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-23 10:11:24

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Байгаль орчны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/05 дугаартай удирдамжийн дагуу улсын хэмжээнд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалтыг зохион байгуулж эхэлснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв.


2025 оны эхний зургаан сарын байдлаар 22 зүйлийн 755 амьтныг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай эд эрхтэнийг гарал үүслийн тодорхойлолтгүй худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн 168 удаагийн зөрчил илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэн, байгалийн нөөцөд учруулсан хохиролд нөхөн төлбөр оногдуулсан байна.


Зөрчил үйлдэхэд ашигласан зургаан ширхэг галт зэвсэг /Сайга, Вепрь, Саббати, ТОЗ-8/, мөсний өрөм нэг, загасны тор хоёр, уурга, дэгээ тус бүр дөрвийг хураажээ. Түүнчлэн зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр галт зэвсгийг Цагдаагийн байгууллагад, бусад эд зүйл болон амьтны мах, эд эрхтэнийг тухайн орон нутгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд, тарваганы мах, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн байна.




 

相关新闻