Гамшгаас хамгаалах чиглэлд Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-07 12:59:04

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүнтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ.


Уулзалтаар гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах, гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх санхүүгийн механизмыг бүрдүүлэх чиглэлээр Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой юм.


ОБЕГ-ын мэдээлснээр, Монгол Улсын гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гамшгийн шуурхай удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацыг нэвтрүүлэх, шуурхай зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарч байгаагаа Шадар сайд уулзалтын эхэнд онцлов. Мөн Дэлхийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх, техникийн туслалцааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.


Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли “Монгол Улсын гамшгийн эрсдэлд хариу арга хэмжээ үзүүлэх чадавхыг сайжруулахад санхүүжилтийн эх үүсвэр, магадалшгүй эрсдэлийн санхүүгийн нөөц бий болгох нь нэн чухал гэдгийг онцлоод Дэлхийн банк энэ чиглэлд дэмжин ажиллахаа илэрхийллээ.


Гамшгаас хамгаалах чиглэлд магадалшгүй эрсдэлийн санхүүгийн механизмыг бүрдүүлэх нь Монгол Улсын хувьд шинэ зүйл хэдий ч байгалийн аюулт үзэгдэл, гамшиг осол ихээр тохиолддог олон оронд амжилттай хэрэгжүүлж байгааг мөн онцлоод цаашид нарийвчлан судалгаа явуулж, мэдээлэл солилцон хамтран ажиллахаар болов. 

 

相关新闻