АНУ-ын цөмийн зэвсгийг Их Британид байрлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-22 09:57:56

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 22 /TASS/. АНУ 2008 оноос хойш буюу 17 жилийн дараа Их Британийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгээ байрлуулсан талаар “UK Defence Journal” сэтгүүлийн цахим хуудсанд эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, “B61-12” гэдэг тактикийн халуун цөмийн хэд хэдэн бөмбөгийг Английн зүүн нутгийн Саффолк мужид орших Лейкенхит цэргийн баазад байрлуулжээ. Бөмбөгүүдийг АНУ-ын Нью-Мексико муж улс дахь Киртланд агаарын цэргийн баазаас Англи руу тээвэрлэн тусгайлан байгуулсан шинэ байгууламжид байрлуулсан гэж мэдээлэлд дурдсан байна. Тус баазад АНУ-ын Агаарын цэргийн хүчний Цөмийн зэвсгийн төв байрладаг.


Лейкенхит баазад 1949 оноос хойш цөмийн зэвсэг хадгалж байсан боловч 17 жилийн өмнө тэндээс татан авсан байна. Одоогоор Их Британийн цөмийн зэвсгийг Америкийн "Trident II" (D5) баллистик пуужингаар зэвсэглэсэн “Vanguard” ангиллын дөрвөн шумбагч онгоцонд байрлуулаад байгаа юм.


“Цөмийн зэвсгийг дахин байрлуулж байгаа нь ОХУ-тай харилцаа муудаж, тогтоон барих чиглэлд ихээхэн анхаарч буй энэ үед Европын бүс дэх НАТО-гийн цөмийн стратегид томоохон өөрчлөлт орно гэсэн үг” гэж тус сэтгүүлд бичжээ.


Уг бөмбөгийг тээх чадалтай “F-35A” загварын 12 сөнөөгч онгоцыг АНУ-аас худалдан авах шийдвэр гаргасан тухай Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер өнгөрсөн сарын 24-нд мэдэгдсэн юм. 

相关新闻