Химийн хорт бодисын журам зөрчсөн 85 үйлдлийг ирүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж байна.
Энэхүү хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/04 дугаартай удирдамжийн хүрээнд химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэхээр улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус хяналт шалгалтад 113 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хамруулаад байгаа бөгөөд хууль, журам зөрчсөн 85 үйлдлийг илрүүлэн 10 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийг арилгуулжээ.
Мөн шалгалтаар химийн бодисыг зохих тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан гэмт хэргийн шинжтэй зургаан үйлдлийг Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.