АРХАНГАЙ: Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн дунд улаанбурхан өвчний тархалт илүү байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-21 11:38:14

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2025 оны 7 дугаар сарын 18-ны байдлаар улаанбурхан өвчний 1532 хавьтал бүхий 86 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 77 нь эдгэрч, 8 нь эмнэлэгт эмчлүүлж байна. Гэрээр болон нас барсан тохиолдол байхгүй.

 

Насны бүтцээр нь харвал 4 хүртэлх настай 22, 5-9 настай 16, 10-14 настай 25, 15-19 настай 11 тохиолдол зонхилж байна.


Батлагдсан нийт тохиолдлын 80-85 хувийг улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхэд эзэлжээ.


Иймд иргэд хүүхдийнхээ товлолт вакцины мэдээллийг шалгаад, хэрвээ хамрагдаагүй байвал харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг аймгийн ЭМГ-аас зөвлөж байна.


Улаанбурхан өвчний 86 тохиолдол нь аймгийн 19 сумаас Тариат, Жаргалант, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Хотонт гэсэн 9 суманд бүртгэгдсэн. Бусад суманд бүртгэгдээгүй байгаа юм.

 

Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний болоод дархлаажуулалтын талаарх мэдээллийг 99629343, 70332180 дугаараас авч болох юм.


Улаанбурхан өвчин нь халдварлалт ихтэй ч вакцинаар сэргийлэх боломжтой юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурхны эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

相关新闻