Мосулын ойролцоогоос олдсон цогцсуудыг задлан шинжилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАГДАД. /NHK/. “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байсан Мосул хотын хойд дүүргээс олдсон толгойг нь тасдан хаясан олон тооны цогцсуудыг Иракийн мөрдөгчид шалгаж байна.
Цогцсуудыг бямба гарагт Иракийн аюулаас хамгаалах хүчнийхний чөлөөлсөн Хаммам аль-Алил тосгон дахь Хөдөө аж ахуйн коллежийн хашаан дотроос олжээ. Эдгээр цогцсыг хогийн цэгт хаясан байжээ.
Эдгээр хүмүүсийг “Лалын улс” бүлэглэлийнхэн хөнөөсөн гэж үзэж байгаа юм. Мөрдөн шалгах багийг мягмар гарагт тус газарт илгээсэн ажээ. Иракийн цэргийнхний ярьснаар, 100 гаруй цогцсыг олсон байна.
Хүний эрхийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд Комиссарын газрын мэдээлснээр, эдгээр цогцсуудын 50 нь өнгөрсөн сард дээрх коллежийн хашаанд цаазлуулсан цагдаа нарын цогцос байж магадгүй юм.
Мосул хотыг чөлөөлөх цэргийн ажиллагаа явагдаж буй энэ үед “Лалын улс” бүлэглэл хүмүүсийг цаазлан хөнөөсөөр байгаа тухай мэдээнүүд ирсээр байна. Террористуудын гарт амиа алдсан хүмүүсийн ихэнх нь уг "Лалын улс" бүлгийг эсэргүүцсэн оршин суугчид болон аюулаас хамгаалах хүчинд алба хааж байсан хүмүүс юм.
Х.Сарнай