“Дуунаас хурдан” Феликс Баумгартнер Италид нас баржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
РОМ, 2025 оны долоодугаар сарын 18 /BBC/. 2012 онд стратосфер буюу давхраат мандлаас тусгай өмсгөл болон шүхэр ашиглан дэлхий рүү үсэрч байсан Австрийн шүхэрчин Феликс Баумгартнер Италид парапланаар нисэж байхдаа осолдож, амиа алджээ.
Алдарт шүхэрчин Италийн зүүн нутгийн Марке мужийн Порто-Сант-Эльпидио хотын дээгүүр нисэж байсан бөгөөд нэгэн зочид буудлын усан сангийн ойролцоо унажээ. Италийн хэвлэлүүдэд мэдээлснээр, 56 настай Баумгартнер нисэж байхдаа ухаан алдсан байжээ. Түүнд яг юу тохиолдсон талаар одоогоор мэдээлээгүй байна.
"Эрэлхэг Феликс" хэмээн алдаршсан Баумгартнер 1999 онд Бразилын Рио-де-Жанейро хотын бэлгэдэл болсон Аврагч Христийн хөшөөнөөс шүхрээр үсэрч, хамгийн анхны амжилтаа тогтоож байв.
Тэрбээр хөшөөний гарын үзүүрээс 30 метрийн өндрөөс үсэрсэн нь бейсжампингийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн бага өндрийн үсрэлт байв. Бейсжампинг нь хөдөлгөөнгүй объектуудаас шүхрээр үсэрдэг экстрем спортын нэг төрөл юм.
Петронас цамхгаас үсэрсэн нь
Баумгартнер мөн ондоо хоёр дахь дээд амжилтаа тогтоосон нь бейсжампингийн түүхэн дэх хамгийн өндрөөс хийсэн үсрэлт байсан юм. Тухайн үед тэрбээр Петронасын ихэр цамхаг гэгддэг Куала-Лумпур дахь хоёр тэнгэр баганадсан барилгын нэгийнх нь хамгийн дээд буюу 88 давхраас үсэрчээ.
Энэ рекордыг сүүлд 2016 онд Оросын уулчин, бейсжампер Валерий Розов шинэчилсэн бөгөөд тэрбээр Чо-Ойю уулын орой (7 700 метрийн өндөр) дээрээс үсэрсэн байна. Розов 2017 онд Балбад өндөр уулнаас үсрэлт хийж байхдаа амиа алджээ.
Ла-Маншийн хоолойн дээгүүрх нислэг
2003 онд Баумгартнер Ла-Маншийн хоолойг нүүрстөрөгчийн ширхэгт материалаар тусгайлан хийсэн далавчуудаар нисэн гаталсан байна.
Тэрбээр Английн нутаг дээгүүр нисэж байсан онгоцноос үсэрч, Франц хүртэл нисжээ. Энэ нь Ла-Маншийн хоолойг ийм аргаар гаталсан анхны тохиолдол байв. Тэрбээр нийт 35 км зайг нисэн туулсан бөгөөд нислэг 14 минут үргэлжилжээ.
Дэлхийн хамгийн өндөр гүүрнээс хийсэн үсрэлт
2004 онд Баумгартнерыг үсрэх үед Францын Мийо хотын ойролцоох Тарн голын хөндий дээгүүй тавьсан Мийо гүүр дэлхийд хамгийн өндөр гүүр байжээ. Тэрбээр уг гүүрний 343 метр өндөр тулгуурнаас үсэрсэн байна.
Тайбэй 101
2007 онд Тайвань дахь "Тайбэй 101" тэнгэр баганадсан барилгыг дэлхийн хамгийн өндөр барилга гэж тооцож байх үед Баумгартнер мөн уг барилгаас үсэрч байв. Тухайн үед тэрбээр 500 метрийн өндрөөс үсэрчээ.
Сансраас дэлхий рүү хийсэн чөлөөт уналт
Баумгартнерын хамгийн алдартай бөгөөд хамгийн чухал үзүүлбэр бол 2012 онд хийсэн үсрэлт юм. Тэрбээр 39 км-ийн өндрөөс өөрөөр хэлбэл стратосфер буюу давхраат мандлаас гелий, хийгээр дүүргэсэн агаарын бөмбөлгөөс үсэрч, хамгийн өндрөөс шүхрээр үсэрсэн амжилтыг эвдээд зогсохгүй хурдны амжилтыг тогтоосон юм. Тодруулбал, түүхэнд хүн нисэх онгоц ашиглахгүйгээр анх удаагаа дуунаас хурдан нисжээ. Баумгартнер цагт 1357 гаруй км-ийн хурдтай ниссэн бөгөөд энэ нь дууны хурднаас ойролцоогоор 1.25 дахин хурдан юм. Энэ нислэг Америкийн Нью-Мексико мужийн дээгүүр нийт есөн минут үргэлжилжээ.
Баумгартнерт зориулж инженерүүд битүү бүхээг зохион бүтээсэн бөгөөд тэрбээр үсрэх хүртлээ уг бүхээгт байсан байна. Мөн уналтын үеийн асар их ачааллыг даах шинэ загварын өндөрт зориулагдсан хувцсыг зориулан хийжээ.
"Дэлхийн оргил дээр зогсож байх тэр мөчид бүх бардамнал минь замхран алга болж байгааг мэдэрсэн. Тэр мөчид рекорд тогтоох эсвэл шинжлэх ухааны мэдээллийн тухай огтхон ч бодогдоогүй зөвхөн эсэн мэнд буцаж газардах юмсан гэж бодсон" хэмээн тэрбээр үсэрснийхээ дараа ярьж байв.