Д.Трампын татварын улмаас Лесото улсад гамшгийн байдал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-13 12:23:36

МАСЕРУ, 2025 оны долоодугаар сарын 13 /KAZINFORM/. Африкийн өмнөд хэсэгт орших Лесотогийн хаант улсад үндэсний хэмжээний гамшгийн байдал зарлажээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсаас нийлүүлж буй бараанд өндөр татвар ногдуулсны улмаас ажилгүйдэл эрс нэмэгдсэнтэй холбоотой юм.


Энэ тухай Лесотогийн Худалдаа, аж үйлдвэр, жижиг үйлдвэрлэлийн сайд Мокети Шелиле хэлэхдээ, шинэ татварын улмаас оёдлын үйлдвэрлэлийн салбар хамгийн хүнд цохилтод өртлөө гэв. Үндэсний хэмжээнд гамшгийн байдал зарласнаар хувцас үйлдвэрлэлээс бусад салбарт 60 мянган ажлын байрыг хоёр жилийн хугацаанд бий болгох боломжийг засгийн газарт олгоно гэж тэрбээр Файнэншл Таймс сонинд ярилцлага өгөхдөө дурдав.


Лесотогоос АНУ-д экспортолж буй барааны дийлэнх хэсгийг хувцас, оёмол бүтээгдэхүүн эзэлдгийн дотор Levi’s зэрэг алдартай брэндүүд бий. Өнгөрсөн онд тус хаант улс АНУ-д 237 сая долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн нь ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж байна. Гэтэл Ерөнхийлөгч Д.Трамп Лесотогоос нийлүүлж буй хувцсанд 50 хувийн татвар ногдуулсны улмаас үйлдвэрүүд олноороо хаагдаж, хүмүүс ажилгүй болжээ. “Оёдлын салбар бүрэн хаагдахад хүрч магадгүй” гэдгийг сайд Шелиле анхааруулан хэллээ.


Үндэсний хэмжээний гамшгийн дэглэм тус улсад 2027 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэх ажээ. Энэ хугацаанд хөрөнгө оруулалтыг татах, улсын төсвийн хөрөнгийг ажлын байруудыг шинээр бий болгоход зарцуулах үйл явцыг хурдасгахын тул хүнд суртлыг халах арга хэмжээнүүдийг авах юм.


Өмнөд Африкт оршдог, далайд гарцгүй Лесотогийн Хаант улс бол дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг болой. 2,36 сая хүн амтай тус улсын иргэдийн тал хувь нь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай бөгөөд нэг хүнд ногдох өдрийн орлого нь 2,15 доллар ажээ. Ажилгүйдлийн дундаж түвшин 30 хувьд хүрсэн бол залуучуудын 48 хувь нь ажилгүй байна. 

相关新闻