Ерөнхий сайд Г.Занданшатар орон нутгийн удирдлагуудтай цахим уулзалт хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, сум, дүүргийн Засаг дарга нартай цахим уулзалт хийв.
Уулзалтын эхэнд улс орны өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа.
Гадаад, дотоод нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хэмнэлтийг төр өөрөөсөө
эхлүүлж, бүсээ чангалж давж гарна гэдгийг онцолжээ. Нэгэн үе хаягдаад байсан хөдөө, орон нутгийн хөгжлийн асуудал
энэ үед шинэ түвшинд гарсан. Засгийн газар орон нутагтайгаа нэгдсэн
удирдлагатай, эргэх холбоотой ажиллана гэв. Мөн Засгийн газар орон нутгийн
Засаг дарга нарын эрх мэдлийг хязгаарлаад буй дүрэм, журмыг цуцалж, эрх мэдлийг
нэмэгдүүлэх багц ажил хийхээр төлөвлөснөө Ерөнхий сайд онцоллоо.
Харин аймаг, сумдын Засаг дарга нараас орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг тодотголоор хасахгүй байх, уул уурхайн ашиглалт, хайгуулын лиценз олголтод онцгой анхаарах, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн царцсан барилгын санхүүжилтийг шийдвэрлэж өгөх, хоршоо хөгжүүлэх сангийн журмыг өөрчлөх, тендерийн тухай хуулийг эргэж харах зэрэг саналыг хэлсэн байна.
Оролцогчид санал хүсэлтээ хэлсний дараа Ерөнхий сайд Г.Занданшатар Засаг дарга нар болон Засгийн газрын гишүүдэд үүрэг өглөө. Засаг дарга нарын өгсөн саналыг нэг бүрчлэн судалж, тодорхой чиглэл өгөхийг сайд нарт даалгасан аж. Харин Засаг дарга нарт аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлж, зорилтод бүлэг, залууст зориулж сургалт зохион байгуулж, соён гэгээрүүлэх ажилд онцгой ач холбогдол өгөхийг даалгажээ. Мөн цахим боловсролын системийг хэрэгжүүлэхэд анхаарахыг сануулав.
Түүнчлэн гантай байгаа аймаг, сумдад ой хээрийн түймэр дэгдэх, хүн малын гоц халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх, улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг идэвхжүүлэх, болзошгүй нөхцөлд сумын эмнэлэг бэлэн байдалд ажиллах, мөн зам тээврийн ослоос сэргийлэх, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр цогц ажил хийхийг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг амьдралд нийцүүлэх шаардлагын хүрээнд Засгийн газраас энэ сард багтааж Засаг дарга нараас санал авч, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн заалтуудыг тодорхой болгохоор болсон байна.