МАН: Хөгжлийн хөтөлбөрийг үр дүнд суурилсан арга аргачлалд суурилж хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь МАН бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Тогтоолын төслийн танилцуулгыг Тэргүүн шадар сайд бөгөөд
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хийв. Үндсэн чиглэлийг боловсруулахдаа "Алсын
хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл
ажиллагааны хөтөлбөртэй уялдуулсан байна.
Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу
шинжлэх ухааны үндэслэлтэй, олон нийтийн санал бодолд нийцүүлэн, төлөвлөлт,
хэрэгжилтийн шатанд нэгдмэл, уялдаатай, үйл ажиллагаа, үнэлгээ нэг чиг,
зорилготой байх зарчмыг баримталсан гэлээ. Түүнчлэн энэхүү баримт бичиг нь Хүний
хөгжил, Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл, Эдийн засаг ба дэд
бүтцийн хөгжил, Байгаль орчин, ногоон эдийн засаг, Засаглал, дижитал шилжилт, Бүсийн
хөгжил, Үндэсний өрсөлдөх чадвар, Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун гэсэн
бодлогын найман чиглэлээс бүрдэж буй юм.
Энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн
захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлсон аж. Хөгжлийн
хөтөлбөрийг үр дүнд суурилсан арга аргачлалд суурилж хэрэгжүүлнэ гэж Засгийн
газар тооцжээ.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг 2020 онд
баталснаар анх удаа Монгол Улсын хөгжлүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг
баталсан. Өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болохоос хоёр сарын
өмнө дараагийн таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр
хуульчилсны дагуу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн
чиглэл”-ийн төслийг боловсруулан парламентад өргөн бариад буй юм.
Ulaanbaatar