Наадмын хурдан морины уралдааныг “Нэг ч хүүхэд гэмтэх ёсгүй” уриан дор зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, үндэсний их баяр наадмын шүдлэн, хязаалан морины уралдаан энэ сарын 10-нд эхэлнэ.
Энэ хүрээнд ГБХНХ-ын сайд Т.Аубакир болон Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр өнөөдөр санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь хурдан морины уралдаан болон сунгаа бэлтгэлийн үед уралдаанч хүүхдийн эрх, амь нас эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавих, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах, хууль тогтоомжийг мөрдөж, захиргааны хэмжээний акт хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллахад оршиж байгаа юм.
Энэ талаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир хэлэхдээ, “Баяр наадам эхэлж байгаатай холбоотой улсын хэмжээнд уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс Монголын морин спорт, уяачдын холбоотой манай яам болон хүүхдийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. Наадмын өдрүүдэд бүх аймаг, суманд маш олон хүүхэд морь унаж байгаа. Тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг уяачид хангаж ажиллах ёстой. Энэ жил улсын наадам болон аймаг, сумын ойн наадмыг “Нэг ч хүүхэд гэмтэх ёсгүй” гэсэн уриан дор тэмдэглэнэ. Өв соёлоо дээдлэн нэг ч хүүхдийг гэмтээхгүй сайхан наадацгаая уриалгыг дэвшүүлж байна” хэмээн ярилаа.
Харин Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр ярихдаа, “Үндэсний их баяр наадмын босгон дээр бид төрийн байгууллагатай уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр санамж бичиг байгууллаа. Энэ санамж бичгийн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбооны 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын салбар хороонд уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, нэн тэргүүнд тавьж хангаж ажиллах зөвлөмж хүргүүлсэн. Манай холбоо 2025 оныг “Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал болгох жил” болгон зарласан” гэв.
Наадмын хурдан морины уяач, уралдаанч хүүхдүүдийн бүртгэл Хүй
долоон хутагт өчигдрөөс эхэлсэн. Үүнтэй холбоотой бичиг баримт, эцэг
эхийн зөвшөөрөл, гэрээ, эрүүл мэндийн үзлэг, хурдан морины уралдаанч хүүхдийн
даатгал зэргийг бүртгүүлэх аж.