Байгаль эхийн урласан чулуулгийн гайхамшигт урлангаар зочлохуй
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонгол орны онгон зэлүүд тал нутагт өнгө гялбуулан, өвөрмөц содон хээ угалзтай оршин буй уран байгалийн бүтээлийн унаган төрх, өнгө аяс, айзам шивнээг цэг зураасны нэмэлт хачиргүйгээр нээн урласан эрдэс чулуулаг Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гялтганан харагдана.
Соёл, эрдэм шинжилгээний “Сувдан сондор” хөтөлбөрийн хүрээнд СГЗ, химич, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржав эх нутгийнхаа эрдэс чулуулгийн гоо сайхны ертөнцийг өөрийн өнцгөөс харж цуглуулсан "Чулууны хээ" үзэсгэлэнгээ өнөөдөр Монголын Үндэсний музейд олны хүртээл болгов.
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул, нас сүүдэр 80 хүрч буй соёлын өв судлаач тэрбээр, “Би 1960-аад оноос Геологийн төв лабораторид ажиллаж байхдаа анх чулуутай нөхөрлөсөн. Түүнээс хойш чулууг мэргэжлийн үүднээс биш чулуунд гоо сайхан оршиж байна хэмээн уран сайхны талаас нь харж цуглуулж эхэлсэн. Байгалийн бүтээлд нэг цэг, зураас тавих эрх надад байхгүй. Очир алмас, бадмаараг эрдэнэ, морин толгойн чинээ молор эрдэнэ, мана зэрэг үнэт чулууг эх орныхоо байгалийн баялгийг хайрлан хамгаалах үүднээс аль нутгаас олдсоныг хэлэх боломжгүй. Гол зорилго нь өсвөр залуу үеийнхэнд өвөг дээдсийнхээ өсч төрсөн нутаг усны эрдэнэсийн сан нөөцөд ямагт элгэмсэг, ажигч, гярхай хандаж, хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх, олон нийтэд эрдэс чулуулгийн гайхамшигт ертөнцийн гоо сайхны мэдрэмж, таашаалыг төрүүлэхэд оршиж байгаа юм" гэв.
Энэхүү үзэсгэлэнгээс монгол нутгийн эрдэс чулуулагт эртний тамга тэмдэг, бичиг үсэг, түүний дотор хас тэмдэг, монгол бичиг үсгийн уг гарвалын анхны хэв хадгалагддаг болохыг биет байдлаар нь үзэх боломжтой.
Үзэсгэлэнд Монголын хээр талын чулуужсан мод, мана, чүнчигноров, гантиг, зануул, занар зэрэг эрдэс чулуулгаас тодорсон хөрөг зураг, эгэл намбалаг монгол охин, эмсгэр дэврүүн өвгөн, бодолд автсан сэтгэгч, шуурга сөрсөн найрагч, мисс бүсгүй, поп хатагтай, арабын шейх, илжиг, сарлаг, буур хөлөглөөчийн гадаад дүр үйлдэл, өнгө төрхийг дурайтал харуулсан 400 гаруй бүтээл дэлгэжээ.
Усан тунгалаг, хөх, хөх цэнхэрээс нил, хар, ногоон, ягаан, шар хийгээд нэгэн дор тав хүртэлх өнгийг солонгоруулсан молор, болор, бадмаараг, биндэрьяа, анар, халтмар эрдэнэ, гянт, аргай, хайлуур жонш, үзмэн мана, цөлийн сарнай зэрэг олон төрлийн талст, цогцсын сонин содон дээжис үзэгчдийн сонирхлыг эрхгүй татаж байв.
Тэрбээр өмнө нь Монголчуудын чулуун өв соёлын сэдвээр 1994, 1995, 1996, 2000 онд нийт дөрвөн үзэсгэлэн гаргаж байв. Харин энэ удаа 16 жилийн дараа гаргаж буй тус үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал