Монгол Улсын 2024 оны “ТОП-100” компанийг тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-03 15:13:12

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” ААН-ийг тодруулан алдаршууллаа. 


Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэв. Монгол Улсын эдийн засаг  өнгөрсөн онд 4.9 хувиар өсөж, ДНБ-ий хэмжээ 80 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүдийн  борлуулалтын орлого эдийн засгийн 70 орчим хувьтай тэнцэж, татварын орлогын 30 орчим хувийг бүрдүүлсэн байна. Улс орны эдийн засаг ийнхүү өсөж,олон мянган хүн ажлын байраар хангагдахад аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмэр онцгой нөлөөтэй байсныг Ерөнхий сайд тодотгов.


Тэрбээр засгийн газар намрын чуулганд баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, татварын реформ, худалдан авах ажиллагааны тухай хууль зэрэг багтана. Мөн МҮХАҮТ, мэргэжлийн холбоодын хууль зэргээр зөвшөөрөл олголт, хүнд суртал,чирэгдлийг арилгах чиглэлээр цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг дурдлаа.


Мөн Хүний хөгжлийг дэмжих, чанартай ажлын байр бий болгох, ажиллах хүчин, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжихэд аж ахуйн нэгж, баялаг бүтээгчидтэй Засгийн газар бүх талаар хамтран ажиллана. Эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ амьдралын чанарыг сайжруулахын төлөө төр, хувийн хамтын ажиллагааг улам сайжруулж, манлайлал үзүүлэн хамтран зүтгэхийг уриаллаа.


Монгол Улсын 2024 оны "ТОП-100" ААН-ийн төлсөн татварын хэмжээ өмнөх оныхоос 1.4 их наяд төгрөгөөр өсөж 7.6 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 28 хувь болж байна. "ТОП-100" ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оныхоос 4.5 их наяд төгрөгөөр өсөж 54.9 их наяд хүрсэн нь ДНБ-ийн 69 хувьтай дүйж байна. Эдгээрт ажиллагсдын тоо 87.5 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 6.5 хувьтай тэнцэж байна.


Мөн 2024 оны "ТОП-100" ААН-ийн эрэмбийн топ салбаруудын жагсаалтыг уул уурхай олборлолтын салбар тэргүүлж худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, банк санхүүгийн салбарууд удаалж, хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг 14 аж ахуйн нэгж багтсан нь "ТОП-100" ААН-ийн эрэмбэд хамгийн олон нээлттэй хувьцаат компани багтсан жил болжээ. 


Энэхүү жагсаалтад гадаадын хөрөнгө оруулалттай 27 ААН багтсан бөгөөд экспорт хийдэг 25 аж ахуйн нэгж орсноос тав нь уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортолдог байна. 







相关新闻