Он гарсаар 3.5-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 24 удаа бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-03 12:07:07

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Манай орны нутаг дэвсгэр, хил орчмын бүс нутагт энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэл 3.5-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 24 удаа бүртгэгджээ.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 3 буюу 11 хувиар өссөн үзүүлэлт аж.


ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням мэдээлэхдээ, “Өвөрхангай аймгийн Богд суманд энэ сарын 2-нд бүртгэгдсэн 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл сумын иргэдэд мэдрэгдсэн бол Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд өнөөдөр бүртгэгдсэн 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус аймгийн Сайнцагаан, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн сум болон Улаанбаатар хотод тус тус мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй” хэмээв. 


Ташрамд дурдахад, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлөг бол 4-5 балл хүрэхэд  гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Харин 6-7 баллын чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.

相关新闻