ХӨВСГӨЛ: Тариалан суманд бяслагийн үйлдвэр ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-02 17:07:10

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг энэ онд 20 бяслагийн үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.


Өнөөдрийн байдлаар Тариалан, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, гэсэн 3 суманд бяслагийн үйлдвэр ашиглалтад орж  нутгийн брэнд бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэх боломж бүрдлээ.


Нутгийн малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл, чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилготой тус  үйлдвэр эхний бяслагаа үйлдвэрлэж хэрэглэгч нартаа хүргэж эхэллээ.



“Тус үйлдвэр нь 4 төрлийн бяслаг болон 10 гаруй төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд орчин үеийн техник тоног төхөөрөмж, эрүүл ахуйн стандартад нийцсэн үйл ажиллагаагаар хангагдсан. Энэ нь Тариалан сумын хэмжээнд хүнсний үйлдвэрлэлийн шинэ шатанд гарч буй томоохон алхам болж байна.


Бяслагийн үйлдвэр нь орон нутгийн сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхээс гадна ажлын байр нэмэгдүүлж, Хөвсгөл нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.


“Бүтээлч Хөвсгөлийнхөн” хөтөлбөрийн хүрээнд энэ жилийг өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарлаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулахад анхаарч ажиллаж байна гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх хэллээ.

 

 

相关新闻