БАЯН-ӨЛГИЙ: Номын санчдын спортын 16 дахь их наадам зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-06-30 14:26:06

Өлгий, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монголын номын сангуудын 16 дахь удаагийн спортын их наадмыг спортын 4 төрлөөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод 2025 оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулав.


Энэхүү тэмцээнийг Монголын номын сангуудын консерциум, Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сан хамтран зохион байгууллаа.

 

Тэмцээнд Улаанбаатар хотоос Монголын Улсын Үндэсний номын сан, Монголын номын сангуудын консерциум, Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийн номын сан, Дотоод хэргийн Их сургуулийн номын сан болон аймаг орон нутгаас Өмнөговь, Орхон, Баянхонгор, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, зэрэг аймгуудын номын сангуудын номын санч, ажилтнууд хурд хүчээ сорин оролцож, 2 өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

 

Багийн нийлбэр оноогоор Үндэсний батлан хамгаалах их сургуулийн номын сангийн баг тамирчид тэргүүлэн шилжин явах цом, тугийг хүлээн авч, Монголын номын сангуудын XVII спортын их наадамыг зохион байгуулахаар болж, Монголын номын сангуудын консерциумаас уламжлал болгон олгодог “Тэгш тоглогч” шагналыг Ховд аймгийн номын сангийн номын санч Д.Энхжаргал хүртлээ.

相关新闻