Хүний ​​ДНХ-г хиймлээр бүтээх төслийг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-06-27 17:39:08

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 27 /BBC/. Шинжлэх ухааны түүхэнд урьд өмнө хэрэгжүүлж байгаагүй, маргаан дагуулсан төслийг Английн Кембриж хотод эхлүүлжээ. Төслийн хүрээнд эрдэмтэд хүний ДНХ-ийн бүтцийн бүрэлдэхүүн хэсгүүдийг түүний суурь химийн элементүүдээс эхнээс нь шинээр угсрахаар төлөвлөж байна.


Хүний генийг засварлах нь “загварчилсан хүүхдүүд” буюу урьдаас програмчилсан онцлог шинжүүдтэй хүүхдүүд бий болгох эсвэл ирээдүйд урьдчилан таамаглашгүй, буцаах аргагүй өөрчлөлтүүд гаргах эрсдэлтэй гэж үзсэн тул энэ чиглэлд хийх аливаа судалгааг хатуу хориглодог байв. 


Харин одоо энэхүү судалгааны үр өгөөж нь дагалдах эрсдлээс хамаагүй их, өнөөдрийн байдлаар эмчилж чадахгүй байгаа олон төрлийн удамшлын өвчний эмийг гарган авах судалгааг эрс хурдасгах боломжтой гэж үзэж байна. Анагаах ухааны салбарт хамгийн том буяны байгууллага болох Британийн "Wellcome Trust" уг төслийг дэмжиж, эхний шатанд 10 сая фунт стерлингийн (13.7 сая орчим ам.доллар) санхүүжилтийг олгосон байна. 


Энэхүү судалгаа нь биологийн шинжлэх ухааныг цоо шинэ түвшинд гаргах “асар том үсрэлт” болно гэж төслийн гол оролцогчдын нэг, Кембриж дэх Их Британийн MRC молекулын биологийн лабораторийн эрдэмтэн Жулиан Сейл ярилаа. 


Харин ийм судалгааг шүүмжлэгчид үзэхдээ, Кембрижийн эрдэмтдийн ажил нь генийн хувьд “төгс” хүмүүсийг бүтээхийг зорьдог ёс суртахуунгүй судлаачдад боломж нээж болзошгүй хэмээн болгоомжилж байна.


Хүний биеийн эд эс бүрд генийн бүх мэдээллийг хадгалдаг ДНХ-гийн молекул агуулагддаг.  ДНХ нь бүтцийн хувьд ердөө дөрвөн төрлийн жижиг "барилгын блок"-оос бүрддэг бөгөөд эдгээрийг уламжлал ёсоор латин үсгээр A, G, C, T гэж тэмдэглэдэг. Эдгээр элементүүд нь олон сая, тэрбум удаа давтагдсанаар янз бүрийн дараалал үүсгэж, мэдээллийг кодчилдог. Гайхалтай нь, ийм энгийн бүтэц нь бидний хэн бэ гэдгийг тодорхойлдог бүх генийн мэдээлэл эсийн дотор кодолж хадгалдаг байна.


“Хүний ген” гэдэг төслийн хүрээнд эрдэмтэд генийн гинжин хэсгүүдийг бараг штрихкод мэт унших боломжтой болсон бол “Хүний хиймэл ген” гэдэг нэртэй судалгааны шинэ ажил нь биологийн шинжлэх ухааныг шинэ түвшинд гаргаснаар судлаачид ДНХ-гийн молекулуудыг уншаад зогсохгүй түүний хэсгүүдийг дахин бүтээх, ирээдүйд бүрэн молекулыг бүхэлд нь шинээр бүтээх магадлалтай юм.



相关新闻