James Webb дуран авайгаар хамгийн бага масстай гаргийн зургийг авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-06-26 17:02:01

ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 26 /The Guardian/.  Манай гаргаас 110 гэрлийн жилийн алсад орших залуу одны орчим бүрэлдэж буй бага масстай гаргийн зургийг “James Webb” сансрын дуран авайгаар анх удаа авчээ. “TWA 7 b” хэмээн нэрлэсэн хийн бүтэцтэй уг гараг өнөөг хүртэл зургийг нь авч чадсан Нарны аймгаас гадна орших гаргуудын дотроос хамгийн бага масстай нь ажээ. 


Санчир гаргийнхтай дүйцэх масстай, Нарны аймгийн гадна орших уг гаргийг гэрэл зурагт шууд буулгасан анхны тохиолдол нь энэ юм. Уг гараг нь өнөөг хүртэл "шууд" ажиглаж байсан бусад гаргаас 10 дахин жижиг ажээ. 


"TWA 7 b" гараг нь дөнгөж үүсэн бий болсон тоосонцор, чулуулгаас бүрдэх цагариг бүхий одыг тойрон эргэдэг байна. Зургууд дээр гурван цагариг байгааг илрүүлсэн бөгөөд тэдгээрийн төвд энэ гараг оршиж байгаа юм. Уг гаргийн өөрийн одоо тойрон эргэдэг зам нь Дэлхий–Нар хоорондын зайгаас хэдэн арав дахин хол бөгөөд нэг бүтэн эргэлт хийхэд хэдэн зуун жил шаардлагатай. 


Үүнээс өмнө Нарны аймгийн гаднаас нээсэн 6000 гаруй гаргийг үндсэндээ шууд бус буюу тухайн гараг тойрон эргэдэг одныхоо өмнүүр дайрах үед үүсэх сүүдрийг ажиглан тогтоодог аргаар илрүүлжээ. Нарны аймгаас гадна орших гаргууд тойрон эргэдэг ододтой нь харьцуулахад маш бүдэг гэрэлтдэг тул зургийг шууд авах нь туйлын хэцүү байв.


Энэхүү техникийн хүндрэлтэй асуудлыг шийдэхийн тулд судлаачид “James Webb”-ийн тусгай төхөөрөмжийг ашиглан хиймэл хиртэлтийг үүсгэж, одны хурц гэрлийг халхалснаар “TWA 7 b” гаргийг гэрэл зурагт буулгаж чадсан бөгөөд зураг дээр уг гараг нь нарийхан цагаргийн доторх тод гэрэл шиг харагдана.


Энэхүү нээлт нь “James Webb” дуран авайн техникийн хүчин чадлыг харуулаад зогсохгүй гаргийн тогтолцоо хэрхэн үүсэн хөгжиж байгааг эхний шатанд нь судлах боломжийг олгох юм.  

相关新闻