Эртний түүхтэй цайны соёлыг аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-16 17:33:20

Ухань, зургаадугаар сарын 16/МОНЦАМЭ/.Монгол,Хятадын  сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлах баг БНХАУ-ын Хэбэй мужийн Чыби хотын Ян Лөү Дүн дүүрэгт байх хятадын эртний хот суурин, цайны соёлын талаар сонирхлоо.


Биднийг очиход нутгийн соёлын биет бус өв тээгчид "Хэнгэрэг" хэмээх бүжиг  бүжиж угтав. Эл бүжгийг соёлын ажил, зочдын хүндэтгэл, найр наадам, олныг хамарсан үйл ажиллагаа болоход зориулан бүжиглэдэг төдийгүй эрт үед  айлын гэрт хүү төрвөл бүжиглэдэг байжээ.



Хятадад МЭӨ II зуунд цайны хэрэглээтэй холбоотой эх сурвалж байгаа нь хамгийн эртнийх гэж үздэг аж.

Хятадын цайны соёл нь хүн төрөлхтний соёл иргэншил, амьдралын хэв маяг, худалдаа арилжааны түүхэнд онцгой өөрчлөлт, дэвшил оруулсан гэж үзэх нь бий.

Харин Ян Лөү Дүн дүүрэгт хүний амьдралын соёл иргэншил 1000 жилийн өмнөөс эхэлжээ.


Гэхдээ хятадын цайны үйлдвэрлэл, соёлын томоохон төв болсон цаг нь одоогоос 400 жилийн тэртээ юм.

Хөх мөрний дундах ай савын энэ нутагт цайны навч, ургамлын үр нөөц элбэг байдаг аж.


Хятад цайг ногоон, хар, цагаан, цэцэгт, шар гэсэн зургаан үндсэн төрөлд хуваадаг. Ногоон цай нь эсгэггүй, ногоон туяатай.

Цайг үнэрээр нь лунзин цай шошны цэцгийн үнэртэй, билүочунь цай тарвас, жимсний үнэртэй гэх зэргээр олон төрөлд хуваадаг байна.




Энд цайны соёл, худалдаа арилжааг харуулсан томоохон зээлийн газар байжээ. Том чулуугаар эвлүүлж зассан  нарийхан гудамжууд, цайны худалдаа арилжааг  өгүүлэх эртний байшингууд, байшингийн хана дагуулж суурилуулсан цай нь энэ нутгийг цайны орон гэдгийг илтгэнэ.


Цайны үйлдвэрлэл,  худалдаа, тээвэрлэлт, татвар гээд тухайн үед  болж байсан олон үйл явдлыг орчин үеийн технологид тулгуурлан урлахуйн нарийн шийдэл бүхий баримлаар бүтээсэн нь зорин ирсэн хүмүүст үйл явдлыг өнгөрсөн цаг үе рүү аваачих шиг болов.


Тухайлбал, 400 жин буюу 200 кг цайг түрдэг тэрэг дээр ачсан ажилчин нарийн гудамжаар чулуун замыг хонхойтол өдөртөө хэдэн ч удаа нааш цааш явдаг байсныг  дүрсэлжээ. 




Цайны ургамал боловсруулж цай үйлдвэрлэж эхэлсэн нь өмнөөс умардыг зорьсон цайны замын зангилаа болж улмаар улс дамнасан худалдаачдын очдог газар болон хувирчээ. Энд цайтай холбоотой 1000 гаруй зам шугуй байх. 




Түүх сөхвөл эндээс Монгол руу Жанчхүү-Шилийн Гол-Эрээн-Улиастай чиглэлд цайны замыг гаргаж ачаа хөсөг тээвэрлэж байжээ.


1863 оны үед энд хятад худалдаачдаас гадна англи, германы пүүс байгуулагдаж цайны худалдааны тоглогч болж эхэлсэн байна. Тухайн үед жилд татвараар 170 мянган лан цагаан мөнгийг хураадаг болжээ.


Мөн цайг алт, мөнгөний оронд төлбөрийн хэрэгсэл болгон хэрэглэж байсан баримт ч байна.


Цайны худалдаа ихэсч бизнес өргөжихийн хэрээр шуудангийн газар,  захиргаа, татвар, худалдаачдын холбоо, эмийн сан гээд олон байгууллага ажиллаж цайтай холбоотой бүх харилцааг хэрхэн  зохицуулж байсныг  мөн л урлагийн бүтээлээр харуулжээ.


Биднийг цайны Соёлын музейтэй танилцахад Тан гүрний үед цайг хоолонд хольж иддэг байсан бол Сун улсын үед цайг нунтаглаж уудаг болсон төдийгүй  цайны аяга, гүцийг онцгой сонин хэлбэрээр урлаж хэрэглэдэг болсон тухай орчуулагч Начин дурдсан.


Мөн соёлын биет бус өвийг харуулсан уран зураг, уламжлалт хувцас, бэлэг дурсгалын 100 гаруй дэлгүүр ажиллаж байна.


Эдүгээ олон мянган жилийн түүхтэй цайны соёл нь тус улсын соёлын өвийн нэг хэсэг болж үүнд суурилсан жуулчны бааз байгуулснаар жуулчдын сонирхлыг татдаг, очиж үзэх дуртай газрын нэг болжээ.





相关新闻